Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0
1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Хөвсгөл аймгийн нутагт хур тунадас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун тайван байлаа.

Өнөөдөр: Говийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 7-12 м/с, Алтайн салбар уулс болон Арцбогдын өвөр хоолойгоор 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 7-12 градус, говийн аймгуудын нутгаар 21-26 градус, Алтайн өвөр говь болон зүүн аймгуудын нутгаар 17-22 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 7-12 м/с. 15-17 градус дулаан байна.

Төлөв байдал: 6-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-8-нд ихэнх нутгаар, 9-нд нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 6-7-нд ихэнх нутгаар, 8-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур 18-20 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 6-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Наранбулаг багт 20 боодол хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.04-ний өдрийн 18:44 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 51 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 2 дугаар багийн Пионер хэсгийн автозамын уулзварт иргэн З-гийн эзэмшлийн 24-91 ДОЗ улсын дугаартай мотоцикль шатаж байна гэсэн дуудлагыг 10.04-ний өдрийн 20:36 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэр: Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Баян-Өлзийт багийн “Баянцагаан” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 58 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.04-ний өдрийн 13:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 28 иргэн, нийт 40 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 10.04-ний өдрийн 18:35 цагт бүрэн унтрааж, тус сумын ЗДТГ-ын даргад хүлээлгэн өгсөн. Уг гал түймэрт “Баян Сэмитал” ХХК-ийн эзэмшлийн 62-93 УНҮ улсын дугаартай “Пикаб” загварын хагас ачааны автомашин шатсан.

Дорнод аймгийн Чойбалсан сумын Сүмбэр багийн “Ар толгой” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 25 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.04-ний өдрийн 16:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 32 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 10.04-ний өдрийн 19:00 цагт бүрэн унтрааж, тус сумын ЗДТГ-ын даргад хүлээлгэн өгсөн. Уг гал түймэрт иргэн Б-гийн 700 боодол өвс, Э-гийн эзэмшлийн 66-29 ДОР улсын дугаартай “Приус-20” загварын суудлын автомашин шатсан.

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэбулаг багийн “Баруун бунхан” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 100 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.04-ний өдрийн 11:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, орон нутгийн 33 иргэн, нийт 57 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 10.05-ны өдрийн 07:05 цагт бүрэн унтрааж, тус сумын ИТХ-ын даргад хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР