Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0
1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар  багавтар  үүлтэй, бороо орохгүй. Салхи баруунаас 7-12 м/с. Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар 12-17 градус, говийн бүс нутгаар 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с.  19-21 градус дулаан байна.

Төлөв байдал: 18-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, 20-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, 21-нд нутгийн зүүн хагаст бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 18-нд нутгийн зүүн хагаст, 19-нд Алтайн уулсаар, 20-нд ихэнх нутгаар, 21-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус дулаан байна. 19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст дулаан байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит багт иргэн Б-гийн 42-19 ДАХ улсын дугаартай “Санота-6” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.16-ны өдрийн 06:15 цагт хүлээн авч Салхит өртөөний Цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны галын хэсгийн нийт 7 албан хаагч, 2 ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багийн “Холбоо толгой” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 10 км-т/ иргэн П-гийн 52-54 УБВ улсын дугаартай “Тоёота Надиа” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.16-ны өдрийн 11:28 цагт хүлээн авч тус суман дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн “Долоон уул” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 37.7 км-т/ Улаанбаатар хот-Мандалговь чиглэлийн автозам дээр эзэмшигч тодорхойгүй 78-86 УНР улсын дугаартай “Санота-6” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.16-ны өдрийн 18:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд авто засварын газрын байшин, 84-19 УНЭ улсын дугаартай “Прусс-10” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.16-ны өдрийн 17:29 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд эзэн нь тодорхойгүй гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.16-ны өдрийн 20:52 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын (Хөвсгөл), Ренчинжугнай багийн “Устын-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 35 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 09.13-ны өдрийн 05:47 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, орон нутгийн 66 иргэн, нийт 77 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 09.14-ний өдрийн 15:00 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир багийн “Бүдүүний гүүр” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 5 км-т/ Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны харьяат иргэн М /32 настай, эрэгтэй/ загасчилж яваад “Орхон” голын усанд осолдсон тухай дуудлагыг 09.16-ны өдрийн 16:16 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 автомашин, 1 завь, Цагдаагийн газрын 2 алба хаагч, ар гэрийн 5 иргэн, 1 автомашин, нийт 13 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Увс аймгийн Ховд сумын Ховд багийн “Хөх толгой” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 0.4 км-т/ тус сумын харьяат иргэн Б /47 настай, эрэгтэй/ “Ховд” голын усанд осолдсон тухай дуудлагыг 09.09-ний өдрийн 18:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, орон нутгийн 12 иргэн, нэмэлт дуудлагаар Ховд аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, нийт 30 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. 09.16-ны өдрийн байдлаар голын эрэг дагуу явганаар 40 км, усаар 30 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 4 метрийн гүнд 8 удаа шумбалт хийсэн. Усны камер ашиглан 25 удаа тандалт хийсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР