Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0
1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар 9-14 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 25-30 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/v. 23-25 градус дулаан байна.

Төлөв байдал: 15-нд төвийн аймгуудын нутгийн ихэнх, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 16-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн   ихэнх нутгаар, 17-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 18-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 15-нд ихэнх нутгаар, 16-нд нутгийн зүүн хэсгээр түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 16-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 градус дулаан байна. 17-18-нд өдөртөө ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 09.13-ны өдрийн 11:17 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 3 дугаар орон сууцны автомашины зогсоолд иргэн Д-гийн 94-46 ОРО улсын дугаартай “Фиат Пунто” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.13-ны өдрийн 10:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн хашаанд Т-3 трансформатор /цахилгааны хүчдэл өргөгч станц/ шатаж байна гэсэн дуудлагыг 09.13-ны өдрийн 12:21 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10,14,18, 26, 30 дугаар ангийн 52 алба хаагч, 13 автомашинтай ажиллаж, 12:52 цагт галын тархалтыг зогсоож, 13:10 цагт бүрэн унтраасан.

Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, “Органик” хүнсний захын хашаанд чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 09.13-ны өдрийн 19:55 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багт 2 амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 09.13-ны өдрийн 22:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын (Хөвсгөл), Ренчинжугнай багийн “Устын-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 35 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 09.13-ны өдрийн 05:47 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, орон нутгийн 70 иргэн, нийт 81 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Хээрийн түймэр: Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан багийн “Цагаан хулсаны тохой” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт  20 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.13-ны өдрийн 02:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 14 алба хаагч, орон нутгийн 26 иргэн, нийт 40 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 09.13-ны өдрийн 07:40 цагт цурманд оруулж, 13:00 цагт бүрэн унтрааж тус сумын Засаг даргын орлогчид хүлээлгэн өгсөн.

4.Цацраг, химийн бодисын осол:

Химийн бодисын осол: Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн “Солонготын даваа” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 45 км-т/ Улаанбаатар хотоос Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Баян-Айраг эксплорешн” ХХК-ийн уурхай руу химийн бүтээгдэхүүн тээвэрлэж явсан “Си Ар Си Ар Ти” ХХК-ийн 48-06 УНМ улсын дугаартай ачааны автомашин онхолдож автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдаж нас барсан, азотын хүчил, давсны хүчил асгарсан тухай дуудлагыг 09.10-ны өдрийн 04:30 цагт хүлээн авч Тосонцэнгэл суман дахь Онцгой байдлын хэлтсийн 10 алба хаагч, тус сумын Цагдаагийн хэсгийн 2 алба хаагч, орон нутгийн 8 иргэн, “Баян-Айраг эксплорешн” ХХК-ийн Аврах бүлгийн 6 ажилтан, нийт 27 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр 6 тонн орчим давсны хүчил, 135 литр азотын хүчил асгарч бохирдсон 80 м2 газрын хөрсийг саармагжуулж, 210 тонн хөрсийг тус сумын хогийн цэгт зөөвөрлөж, булсан.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Хөх-Эрэг багийн “Хагийн даваа” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 176 км-т/ Израйль улсын 5 иргэн, Монгол улсын 1 иргэн “Алтай таван богд” ууланд аялж явахдаа цасанд боогдсон байж болзошгүй тухай дуудлагыг 09.13-ны өдрийн 10:17 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, Цагдаагийн газрын 1 алба хаагч, нийт 9 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх, аврах ажиллагааг эхлүүлж, тус багийн “Бест Камп” гэдэг газар хөтөч Өлгий сумын Эхбулан багийн иргэн С-тэй 08:05 цагт уулзахад “Цасанд боогдоогүй, гадаадын 1 иргэний биеийн байдал муудаж, таталт өгсөн тул авиралтыг зогсоож, Израйль улсын 5 иргэнийг Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Ми-171 загварын нисдэг тэргээр 09.13-ны өдрийн 17:00 цагт буцаасан” тухай мэдээлсэн тул эрэн хайх, аврах ажиллагааг зогсоосон.

Усны осол /эрэн хайх, аврах/: Увс аймгийн Ховд сумын Ховд багийн “Хөх толгой” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 0.4 км-т/ тус сумын харьяат иргэн Б /47 настай, эрэгтэй/ “Ховд” голын усанд осолдсон тухай дуудлагыг 09.09-ний өдрийн 18:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, орон нутгийн 11 иргэн, нийт 22 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 09.12-ны өдрийн байдлаар голын эргийн дагуу болон усаар 80 км газарт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 4 метрийн гүнд 2 удаа шумбалт хийсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР