Гарсан зөрчлүүдийг арилгуулах арга хэмжээг зохион байгуулан ажиллав

0

Монгол Улсын Шадар сайдын 2017 оны баталсан Галын аюулгүй байдлын тухай хууль, Гал түймрийн улсын хяналтын дүрэм, галын аюулгүй байдлын норм нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах хяналт шалгалтын  удирдамжийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас хяналт шалгалтыг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 30-ны өдрүүдэд  зохион байгууллаа.

Нийслэл, орон нутгийн хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүн олборлодог, газрын тосны бүтээгдэхүүн хадгалдаг, борлуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудад дээрх хяналт, шалгалтыг явуулсан юм.

Шалгалтын явцад галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг биелүүлээгүй, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгслийн ашиглалтын бэлэн байдлыг бүрэн хангаагүй, гал унтраах хэрэгсэл болон усан хангамж, гал унтраах автомат төхөөрөмж, дохиололын хэрэгслээр тоноглогдоогүй, галын аюулгүй байдлын зай хэмжээнд тавигдах шаардлагыг хангаагүй болон газрын тосны бүтээгдэхүүн, хийн савыг хөргөх суурин болон хөдөлгөөнт техник хэрэгсэл, төхөөрөмж нь ажиллагаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

Нийт 2494 зөрчил илрүүлж, газар дээр нь 469 зөрчлийг арилгуулсан бол бусад зөрчлийг арилгуулахаар Ашигт малтмал, газрын тосны газрын даргад гал түймрийн улсын хяналтын ерөнхий байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага хүргүүлж, зөрчлүүдийг арилгуулах арга хэмжээг зохион байгуулан ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.