Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0
1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар 9-14 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 25-30 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй, салхи баруун өмнөөс 6-11 м/с, 23-25 градус дулаан байна.

Төлөв байдал: 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд нутгийн зүүн хагаст, 16-нд зүүн аймгуудын нутаг, говийн нутгийн зүүн хэсгээр, 17-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 14-нд нутгийн баруун хагаст, 15-нд говь талын нутгаар, 17-нд нутгийн хойд хэсгээр түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. 14-нд нутгийн зүүн хагаст дулаахан байх боловч 15-нд баруун болон төвийн нутгаар, 16-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 09.12-ны өдрийн 20:59 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд эзэнгүй хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 09.12-ны өдрийн 19:21 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын (Хөвсгөл), Ренчинжугнай багийн “Устын-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 35 км/ ойн түймэр гарсан  тухай дуудлагыг 09.13-ны өдрийн 05:47 цагт хүлээн авч орон нутгийн 39 иргэн, 14 автомашинтай  унтраахаар ажиллаж байна.

Хээрийн түймэр: Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан багийн “Цагаан хулсаны тохой” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт  20 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.13-ны өдрийн 02:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 14 алба хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 26 иргэн, 4 автомашинтай унтраахаар ажиллаж байна.

4.Цацраг, химийн бодисын осол:

Химийн бодисын осол: Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн “Солонготын даваа” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 45 км-т/ Улаанбаатар хотоос Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Баян-Айраг эксплорешн” ХХК-ийн уурхай руу химийн бүтээгдэхүүн тээвэрлэж явсан “Си Ар Си Ар Ти” ХХК-ийн 48-06 УНМ улсын дугаартай ачааны автомашин онхолдож автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдаж нас барсан, азотын хүчил, давсны хүчил асгарсан тухай дуудлагыг 09.10-ны өдрийн 04:30 цагт хүлээн авч Тосонцэнгэл суман дахь Онцгой байдлын хэлтсийн 10 алба хаагч, тус сумын Цагдаагийн хэсгийн 2 алба хаагч, орон нутгийн 8 иргэн, “Баян-Айраг эксплорешн” ХХК-ийн Аврах бүлгийн 8 ажилтан, нийт 29 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр 6 тонн орчим давсны хүчил, 135 литр азотын хүчил асгарч бохирдсон хөрсийг саармагжуулж, зөөвөрлөж, булахаар ажиллаж байна. 09.12-ны өдрийн 16:50 цагт онхолдсон автомашиныг татаж босгосон. 80 м2 газарт саармагжуулалт хийсэн.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Увс аймгийн Ховд сумын Ховд багийн “Хөх толгой” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 0.4 км-т/ тус сумын харьяат иргэн Б /47 настай, эрэгтэй/ “Ховд” голын усанд осолдсон тухай дуудлагыг 09.09-ний өдрийн 18:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, орон нутгийн 14 иргэн, нийт 20 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 09.12-ны өдрийн байдлаар осолдсон газраас 72 км-т усаар болон голын эргээр 4 хэсэгт хуваагдан, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2-5 метрын гүнд 12 удаа шумбалт хийсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР