Дахин төрсөн хурандаа

0

2001 оны есдүгээр сар. Ихэнх нутгаар цас орж, бүрэн хайлж дуусаагүй байхад нэмж орсоор зузаан цасан бүрхүүл тогтов. Мал идэх өвсгүй болж, арванхоёрдугаар сар гэхэд 12 сая гаруй толгой мал хоргодож,12 аймгийн 192 сум зудын байдалтай, төвтэй холбоо тогтоож чадахгүй, холбоо тасарлаа. 2001 оны нэгдүгээр сард Монгол Улсын Засгийн газар, Улсын байнгын онцгой комиссынхон НҮБ-ын хандивлагч орнуудаас тусламж хүссэн юм. Энэ бол Монголын түүхэнд дэх дэндүү гаслантай зудын зураглал. Учир нь байгалийн гамшигтай танилцахаар ирсэн НҮБ-ын таван ажилтан болон Монголын төр нийгмийн зүтгэлтнүүдийн алтан амийг авч одсон, аймшигт осол 2001 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр Увс аймгийн Малчин суманд болсон юм. Есөн хүний халуун амиар Монголын зуд дэлхийн гамшгийн тоонд зүй ёсоор бүртгэгдсэн дээ …

Тодруулбал 2001 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр “МИАТ” компанийн “JU1025” дугаартай “МИ-8” нисдэг тэрэг Увс аймгийг зорин хөөрсөн билээ. Нислэгийн багт НҮБ-аас ирсэн гамшгийн үнэлгээ хийх багийнхан болон УИХ-ын гишүүн, олон улсын байгууллагын төлөөлөгчид, Монголын болон дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, сэтгүүлч нар явсан юм. Онгоц Увс аймгийн Малчин сумаас зүүн урагш 15 км-ийн зайд далайн төвшнөөс дээш 2275 метрийн өндөрт орших Баянхайрхан уулын энгэр, “Хайрханы ам” гэдэг газар малчин н.Зандангийн өвөлжөөнд буухыг оролдож, үзэгдэх орчин муу байсны улмаас унаж осолджээ. Эдгээр өдрүүдэд орон даяар гашуудал зарлаж, талийгаачдын араас эмгэнэсэн бараан өдрүүд үргэлжилж байв. Тэдний амь үрэгдсэн газарт хөшөө сүндэрлүүлж, нэрийг нь сийлсэн нь одоо хүртэл бий. Ослоос 10 гаруй хүн амьд үлдсэний нэг нь өнөөдрийн нийтлэлийн баатар, Улсын иргэний хамгаалалтын газрын дэд дарга, Улсын байнгын онцгой комиссын нарийн бичгийн дарга асан, чөлөөнд байгаа хэдий ч эх орон дуудвал хэзээд бэлхэн хэмээн омог бардам илтгэх хурандаа Ч.Тогоо юм.

Хорвоо ертөнц олон өнгөтэй. Амьдралын сайн сайхан, алдаа оноо, аз хийморь биднийг тойрон эргэлддэг.  Түүнийг адилхан хүртэж, өөрийнхөө хүрээлэл, ажил алба, босгосон амьдралдаа омог бардам ч, гашуун дурсамжаа сэтгэлийнхээ гүнд тээж, эх орныхоо энх тайван, малчин түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө хоёргүй сэтгэлээр хөдөлмөрлөж яваад алтан амиа өргөсөн нөхдийнхөө гэгээн дурсгалыг сэтгэлдээ үргэлж хүндэтгэж явдаг эгэл нэгэн монгол иргэн бол Ч.Тогоо билээ. Хар дарсан зүүд шиг тэдгээр өдрүүдийг эргэн сөхөж, таагүй дурсамжийг сэдрээх гэсэндээ нийтлэл бичихээр зорьсонгүй. Ч.Тогоо бол Монголын цэрэг, Онцгойгийн салбарт хийсэн үйл, хэлэх үгтэй нэгэн билээ. Тиймээс энэ хүний намтар, амьдралын түүх сонин байхаас дамжиггүй хэмээн  сонгосон билээ.

Ш.ОТГОНБИЛЭГ АГСАНТАЙ СҮҮЛЧИЙН УДАА ДУРСАМЖИЙГ НЬ ХУВААЛЦЖЭЭ

Бидний яриа 2001оны нэгдүгээр сарын 14-ний өнөөх өдрийн дурсамжаас эхлэв. “17 жил өнгөрчдээ” гэсээр яриагаа эхлүүлэх хурандаагийн хоолойны өнгө нэг л намдуу. Тэрээр хамгийн эхэнд амьд үлдсэнээ хувь тохиол гэж бэлгэшээдэг гэв. Зорьж явсан ажил нь хүн ардынхаа төлөө байсан учир Баянхайрхан түшсэн хэмээн залбирч явдаг гэнэ. Осолдсон НҮБ-ын төлөөлөгчид цаг тухайд нь болж буй үйл явдлыг төв байгууллагадаа мэдэгддэг байж. Нэгдүгээр сарын 18-нд Женевт НҮБ-ын хандивлагч орнуудын Монгол Улсад тусламжийн гараа сунгах, гамшгийн тоонд бүртгэх эсэхийг шийдэх хурал болох эгзэгтэй үе байжээ. Энэ хурлаар Монголын зуд дэлхийн гамшгийн жагсаалтад оржээ. Хэдийгээр есөн хүн халуун амиа алдсан ч тэдний зорьж явсан ажил гурав хоногийн дараа Женевт ийнхүү бүтжээ. Ослын улмаас гадаадын таван иргэн амь эрсдэж, зөвхөн хятад иргэн амьд үлдсэн юм. Хамтдаа өнгөрөөсөн дөрөв хоногийн хугацаанд ажлын багийнхан сайн нөхөд болсон байв. Энэ дунд УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг агсан байсан билээ. Багийг ахалж явсан энэ эрхэмтэй хамгийн сүүлд уулзаж ярилцан, халуун амьсгааг нь сонссон хүн нь Ч.Тогоо хурандаа юм. Тухайн үед хэвлэлээр Ш.Отгонбилэг агсны үхлийн тухай олон таамаглал дэвшүүлж байв. Захиалгатай онгоцны сүйрэл, онгоцонд тагнуулууд явсан зэргээр хангалттай бичсэн. Тэр жил Улсын их хурлын сонгууль болоод удаагүй байж. Увсын зочид буудалд Ш.Отгонбилэг агсантай нийтлэлийн баатар маань нэг өрөөнд буужээ. 13-14-нд шилжих шөнө 23:00 цагийн үед ажлаа дуусгаад хамтдаа салхинд гарч, Ю.Цэдэнбал даргын хөшөөнд хоёул мөргөөд нэгэн түүхийг Ч.Тогоо хурандаад ярьжээ. “Би 25 настай хойноос сургууль төгсч ирээд Геологийн яаманд байлаа. Нэг өдөр дуудаад Улс төрийн товчоонд хурлаар ор гэсэн. Энэ хурлаар Эрдэнэтийн даргаар чамайг тавина гэж хэлэхэд нь миний өвдөг чичирч байсансан. Хэдэн настай хүүхэд вэ, ийм жаахан хүүхэд тэр том үйлдвэрийг яаж удирдах юм бэ хэмээн товчооны гишүүд эсэргүүцжээ. Гэтэл үүнийг сонсч суусан Ю.Цэдэнбал дарга босч ирээд, баруун мөрөн дээр нь гараа тавиад “чи сургуулийг нь төгссөн мэргэжлийн хүн. Овоо хэдэн жил ажилчихлаа. Тиймээс би чамд итгээд Монголын галт зүрхийг атгуулж байна. Энэ Ю.Цэдэнбалаас том асуудал. Нөхөр минь чи ойлгож байна уу гэхэд мэдлээ даргаа” гэж  хэлснээ санадаг тухайгаа Ч.Тогоо хурандаад хуучилжээ. Энэ бол төр нийгмийн зүтгэлтэн явсан тэр эрхэм хүний хамгийн сүүлчийн үгс байв. Хэрэв энэ хүн байсан бол өдийд Монголын улс төр ингэтлээ тартагтаа тулж, Улс төрийг мөнгөөр худалдахгүй байсан юм гэж хурандаа маань харамсч сууна.

Увс аймгийн төвөөс 10:00 цагт Малчин сум руу ниссэн онгоц 30 минутийн дараа осолджээ. Хэдийгээр нисгэгчид нь туршлагатай хүмүүс байсан ч цасан шуургыг тооцоолоогүйн улмаас осол гарсан гэж шинжээчид үзжээ. Тухайн үеийн мэдрэмжийг биеэр мэдэрсэн хурандаа “Малчин суманд газардахаар нарийхан хавцлаар гарах хооронд яах ийхийн зуургүй цасан шуурга нөмөрч, үзэгдэх орчин битүү цагаан манан болсон. Бид юу болж байгааг ойлгох хугацаа байгаагүй. Онгоц унаж байгаа нь мэдрэгдэж, савж эхэлсэн. Онгоц осолдоход гал гарсан. Би буунгуутаа хоёр нисгэгчтэйгээ арын хаалгыг онгойлгох гэж оролдсон. Тэр үед хүч гэдэг айж сандарсан үед хязгааргүй болчихдог юм байна гэдгийг харж билээ. Учир нь манай нэгдүгээр нисгэгч Б.Бат-Эрдэнэ хаалганы түгжээг ханз татчихсан. Хамгийн түрүүнд хурандаа Ж.Гал гуайг аварсан. Харин ч сайн нисгэгчид тулдаа 10 гаруй хүн амьд үлдсэн. Энэ бол хэдхэн секундэд болсон үйл явдал. Увс аймгийн Малчин сумын Баянхайрхан уулын энгэрт би амьд гарснаар хорвоод дахин төрсөн юм” гэв.

1960 он ээж Борын хамт.

ОСЛЫН ДАРАА СЭТГЭЛЗҮЙ ӨӨРЧЛӨГДӨВ

Онгоцны ослын тухай шуугиан цаг хугацаа өнгөрөх тусам намжиж, өдгөө мартагджээ. Хайртай дотны хүмүүсээ алдсан талийгаачдын ар гэрийнхэн л сэтгэл зүрхэндээ тэр өдрийг дурсан санаж явна. Харин Ч.Тогоо хурандаагийн хувьд гадна дотны олон хүн амиа өргөсөн энэ хэргийг Япон, Америк, Герман, Английн элчинтэй гамшгийн асуудлын тухай ярих болгондоо дурсан санаж, хүндэтгэл үзүүлж байгаарай гэж албаны хүмүүст захидаг гэв. НҮБ-ын ажилчид байнга осол гамшигт өртдөг хүмүүс биш. Тиймээс жил бүр тэдгээр хүний гэгээн дурсгалыг хүндэтгэж, энэ өдрийг санан дурсаж заншвал талийгаачдын ар гэрийнхэн баярлана гэж бодож явдаг тухайгаа ярьсан юм. Энэ хэргийг таван жилийн хугацаанд мөрдөж шалгажээ. Амь үрэгдсэн Японы сэтгүүлчийн аавыгаа харж чадалгүй, хэвлийдээ үлдсэн хүү нь таван жилийн дараах Монголд болсон шүүх хурлын үеэр шүүхийн танхимд гүйж явахыг хараад хурандаагийн сэтгэл нь шимширч суусан түүхтэй. Ослын дараа Ч.Тогоо хурандаа түлэгдэлт болон бэртэлтэй байсан тул Солонгост эмчлүүлжээ. Тухайн үед ослоос үүдэлтэй хурандаагийн сэтгэлзүйд өөрчлөлт гарсан байна. Аваарын дараа хүнд шархдсан хүмүүсээ Малчин сумын эмнэлэг рүү зөөжээ. Тухайн үед Ч.Тогоо хурандаа өөрийн ухаантай байсан тул холбоо орж утсаар ярьж, мэдээлэл өгөхөөр явжээ. Гэтэл өөдөөс нь тухайн үеийн н.Үржин генерал мэндийн зөрөөгүй уурлаж “Би Ерөнхий сайдын дэргэдээс ярьж байна. Та наанаа ямар арга хэмжээ авч байна” хэмээн эгдүйцлийг нь хүргэжээ. Энэ үед өөрийн мэдэлгүй харилцуураа хага шидэж, уурласан гэдэг. Үүнээс гадна цаад уулзвар дээр байгаа машин өөдөөс нь тулаад ирж буй мэт мэдрэмж төрдөг байж.

Гэр бүлийн хамт

1970-ААД ОНЫ ҮЕД МОНГОЛЫН АРМИЙН ХӨГЖИЛ ДЭЭД ЦЭГТЭЭ ХҮРЭВ

2001 онд гарсан онгоцны ослын тухай өгүүлэхэд ийм. Тэгвэл Ч.Тогоо гэж хэн бэ. Тэрээр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын уугуул. 1947 онд Дагвадоржийн Чимэддоржийн гурав дахь хүү болон мэндэлжээ. Монгол хүүхдүүдийн нэгэн адил багаасаа хурга ишигтэй хөөцөлдөж, тал нутагтаа морин дэл дээр өсчээ. Зуны цагт хөл нүцгэн гүйж, тараг өрөмөө идэж өссөн хүүхэд нас нь хамгийн дурсамжтай гэв. Түүний яриаг сонсох зуур аравдугаар сар гараад хяруу уначихсан байхад сайран хөлтэй бор хүү үхрийн баасанд хөлөө дүрж дулаацуулчихаад, цулбуураа барин дуу аяласаар хониндоо гүйж яваа төрх нь сэтгэлд тодхон бууж байв. Тухайн үед малчин түмэн минь зуны цагт цагаан идээгээр хооллодог байж. Хаа нэг бороотой өдөр борцтой, гурилтай шөл хийх бөгөөд ээжийнх нь тэр л гарын хоолны амт одоо ч араанд нь амтагддаг тухай хурандаа дурссан юм. Монголчуудын хооллох энэ аргын хүчээр энэ насандаа баймгүй хөнгөн шингэн, оюун бодол хурц байгаатай нь холбон тайлбарлаж болох юм. Есөн настайдаа дунд сургуулийн сурагч болов. Дунд ангийн багш нь зохиолч, яруу найрагч Т.Галсан байжээ. Энэ хүний удирдлага дор долдугаар ангиа амжилттай төгсөөд 1963 онд Санхүү эдийн засгийн техниккумд элсчээ. Ингээд 1967 онд Батлан хамгаалах яаманд орсноор цэргийн амьдралтай хувь заяагаа холбожээ. Үүнээс хойш Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний жанжин штаб, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын байнгын онцгой комиссын нарийн бичгийн даргын албыг хашиж, 2005 онд гавьяаныхаа амралтад гарчээ. Ч.Тогоо хурандааг ид ажиллаж байх үе буюу 1970-аад онд Монголын армийн хөгжил дээд цэгтээ хүрч байв. Зөвхөн эх орон төдийгүй Азидаа хүн хүч, даалгавар гүйцэтгэл, аливаад хөрвөх чадвараараа манай армийнхан тэргүүн эгнээнд бичигддэг байж. Алба хааж яваа цэрэг эрс ч сэтгэл өөдрөг, эх орон дуудахад хэзээд бэлхэн гэсэн уриатайгаар ажилладаг байсан тухай тэрээр дурссан юм. Ч.Тогоогийн цэргийн хүн болсон хувь тавилан ахтай нь холбоотой. Том ах Ч.Дохүүдүүгээсээ түрүүлэн цэрэгт яваад хотод цэргийн хүн болоод суурьшчихсан байж. Ах нь түүнийг энэ зам руу хөтөлсөн түүхтэй. Цэргийн амьдрал хэдий хатуу ч тухайн үеийн удирдлагууд цэргүүддээ аавынх нь оронд аав болж зэмлэх үедээ нүүрэн дээр нь шударгаар хэлж, гарыг нь ганзганд хөлийг нь дөрөөнд хүргэдэг байжээ. Тэр л энэрлийг шинэхэн ажилтан Ч.Тогоо хүртсэн азтай нэгэн. Харин тэр хайр хүндэтгэлийг итгэлээр даана гэдэг цэрэг хүний үүрэг байжээ.

Бельгид НАСА-гийн удирдлагын төвд айлчлал хийх үеэр.

Л.ДАНДАР БААТАРЫН ГАНЦХАН ҮГЭНД ХУРЦЛАГДЖЭЭ

Эх орны нэг, хоёрдугаар дайнд оролцсон ахмад дайчдаас сургааль сонсч, тэдэнтэй хамт эх орныхоо төлөө үүрэг гүйцэтгэж явсан азтай хүний нэг нь нийтлэлийн баатар маань билээ. Монгол Улсын баатар Л.Дандарын хэлсэн “Би чиний насан дээр дайны талбарт девиз удирдаж явлаа” гэсэн үгнээс Ч.Тогоо ихээхэн урам авсан гэв. Монголын цэрэг армийг нуруундаа үүрч явсан тэдгээр эгэлгүй дайчин нөхөд үгээрээ хүнийг хурцалж, урам өгч чаддаг алсын хараатай улс байж. Ч.Тогоо хурандаа өөрийгөө “хувьтай” нэгэн гэж тодотгодог. Учир нь түүний амьдрал үргэлж цог хийморьтой, сайн сайхан бүхнээр дүүрэн өнгөрч. Үүнийгээ уудам сайхан Баянхонгор аймагтаа төрж, уул усандаа мөргөж, буянтай аав ээжийнхээ энхрийлэлд элэг бүтэн өсч, сайн ахын буянаар амьдралд хөлөө олж, ардын армитай хувь заяагаа холбож, тэр нэгэн өдөр аюулт ослоос амьд гарч чадсанаараа баталсан юм. Түүний гэргий Хэнтий аймгийн уугуул, бага эмч мэргэжилтэй. Тэд дөрвөн хүүхэдтэй өнөр өтгөн айлын хос багана билээ. Гэргий нь гуравдугаар эмнэлэгт ажилладаг байж. Урдхан талд нь Батлан хамгаалах яам байсан тул хувь тавилан тэднийг яг дунд нь учруулсан гэдэг. Заяаныхаа ханьтай учирснаас хойш 48 жил өнгөрчээ. Энэ хугацаанд тэд ашиг хонжоо хайж, хувийн байгууллага бараадалгүй, нэг л бай­гуул­лагадаа үнэнч байж ирсэнээ тухайн үеийн хүмүүжилтэйгээ холбон тайл­барласан юм. Буурал хурандаа маань хүүх­дүүддээ өөрийн мэр­гэжлийг өвлүүлэхийг хүс­сэнгүй. Учир нь нийгэм өөрчлөгдөж,  цаг ороо бусгай болсон энэ үед цэргийн мэргэжил сонгохыг нь сайшаагаагүй гэнэ.

НИСГЭГЧ Ж.ГҮРРАГЧААТАЙ ДОТНЫ НАЙЗУУД

Цэргийн нөхөрлөл хамгийн үнэ цэнэтэй байдаг. Ч.Тогоо хурандаад ч армиас олж авсан сайхан нөхөрлөл олон бий. Түүний нэг нь Хөдөлмөрийн баатар, УИХ-ын гишүүн асан Ж.Гүррагчаа билээ. Одоо ч тэд ажил болон амьдралын тал дээр холдож салалгүй, сайхан нөхөрлөсөн хэвээр байна. Ихэвчлэн удирдах алба хашиж байсан учир найзуудынх нь тэргүүн эгнээнд генерал, хурандаа зэрэг цолтой эрхмүүд бий. Гэхдээ тэрээр дарга байсан гээд хэн нэгэнд бялдуучилж яваагүй гэж өөрийгөө тодотгосон юм. Удирдаж явсан байгууллагадаа эргээд очиход үүдний манаачаас эхлээд бүгд хурандаагийн найзууд. Тангараг өргөсөн цэргийн амьдралд бүх насаа зориулсан учир Монгол Улс цээжинд минь багтдаг гэж Ч.Тогоо омог бардам ярьж сууна. Тиймдээ ч хэрэв эх орон дуудвал одоо ч би бэлэн байна хэмээсэн юм. Ч.Тогоо нэгэн зүйлд ихээхэн санаа зовниж яваа нь өнөөгийн нийгэм. Учир нь түүнийг албаа хашиж явахад өнөөгийнх шиг эх орон, газар нутгаа мөнгөөр худалдах сэтгэхүй тухайн үеийн удирдлагуудад байсангүй. Тиймээс ч сэтгэл амар, ажиллаж амьдарч чаддаг байж. Харин ирээдүйд үр хүүхдүүдийг нь ямар нийгэм хүлээж байгаа бол гэхээс өөрийн эрхгүй эмээдэг тухайгаа онцолсон юм. Цэрэг, арми гэдэг нэг зорилго, нэг удирдлага, нэг чиг үүрэгтэй байх ёстой. Гэтэл одоо арми маань цагдаагаасаа бага бүрэлдэхүүнтэй, тэгсэн мөртлөөудирдах албан тушаалтнууд нь хэтэрхий олон болчихож хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн юм. Хэдийн гавьяаныхаа амралтад гарсан ч Ч.Тогоо хурандаа зүгээр суухыг хүссэнгүй. Одоогоор Ж.Гүррагчаа нисгэгчийн “Сансар-81” ТББ-т ажиллаж байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2017.09.11

Ч.Гантулга