Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0
1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Булган, Орхон, Завхан аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн ихэнх, баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 8-13 градус, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 26-31 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгаар 22-27 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүнээс хойш эргэж 6-11 м/с, зарим үед 14-16 м/с хүрч ширүүснэ. 17-19 градус дулаан байна.

Төлөв байдал: 10-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 11-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи 10-нд говь талын нутгаар, 12-нд  Алтайн салбар уулсаар, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. 10-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө  4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 градус дулаан байна. 10-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

2.Объектын түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрхэл багт иргэн А-гийн дэлгүүрийн барилга, бүжгийн заал шатаж байна гэсэн дуудлагыг 09.09-ний өдрийн 00:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай  ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудал багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг ШШГЕГ-ын харьяа хорих 413 дугаар ангийн хойд талын автозамын зорчих хэсэгт эзэн нь тодорхойгүй 89-08 УБУ улсын дугаартай “Харерь” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.08-ны өдрийн 16:39 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай ажиллан унтрааж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Төв аймгийн Зуунмод сумын Усны аж ахуйн багт эзэн нь тодорхойгүй гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.08-ны өдрийн 20:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар ажиллан унтрааж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР