”Хүний амь аврагч” Д.Тэмүүжингийнд өнжсөн тэмдэглэл…

0

 

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм ГАЛ СӨНӨӨГЧ-ийн гэр бүлтэй уншигчдаа уулзуулж буйдаа баяртай байна. Д.Тэмүүжин бол өөрийн амиа дэнслэн бусдын амийг авардаг олон арван аврагчдын нэгээхэн төлөөлөл. Тэдний аварсан зуу, зуун амины ард элэг бүтэн өрх бүлийн аз жаргал давхар аврагдаж үлддэг юм. 

Сэтгүүлч: Гал сөнөөгч хүн гэж ямар хүнийг хэлдэг вэ?

Т.Эрхэс /9 настай/ : Хүмүүсийн амийг авардаг хүнийг хэлдэг…

Т.Эрхэсийн аав гал сөнөөгч. Бяцхан хүү аавыгаа “Хүний амь авардаг хүн” хэмээн тодорхойлсон юм. Тиймээ, түүний аав хүний алтан амийг авардаг ГАЛ СӨНӨӨГЧ.

“Би Онцгой байдлын газар 16 жил ажиллах хугацаандаа 3000 гаруй түймэрт гар бие оролцож, 300 гаруй хүнийг гал түймрийн аюулаас хамгаалжээ…” хэмээн ярих энэ залууг Долгорсүрэнгийн Тэмүүжин гэдэг. Тэрбээр  Нийслэлийн Онцгой байдлын газрын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч залуу юм.

Түүнтэй уулзаж, ажил мэргэжлийн онцлог, амжилт ололтынх нь талаар ярилцахаар гэрт нь зорьж ирсэн маань энэ юм. Манай сайтын сурвалжлах багийг ахлах ахлагч Д.Тэмүүжин, түүний гэргий Б.Даваажаргал, хоёр хөөрхөн хүү нь  уриалгахан угтаж авлаа.

“Гал сөнөөгч хүн гэдэг бол…”

-Гал сөнөөгчөөр 16 жил ажиллаж байгаа архаг туршлагтай аврагчтай уулзаж байгаадаа баяртай байна.

-Миний хувьд гал сөнөөгчөөр ажилласнаас хойш 3000 гаруй гал түймэр дээр тархалт хийж ажиллажээ. Үүнээс 1200 гаруй нь обьектын гал түймэр дээр ажилласан. Мөн ой хээрийн түймэр дээр олон ч удаа ажилласан. Бараг л тоогоо алдсан даа..

-Гал сөнөөгч мэргэжлийнхээ  талаар тодотгож яриач. Ний нуугүй хэлэхэд, гал сөнөөгч  хүнийг олон нийт ойлгохдоо бие бялдрын хөгжил сайтай, хурдан шаламгай хэдэн бор нөхөд ирээд л галыг унтраачихдаг гэж ойлгодог л доо. Тэгэхэд танай мэргэжлийн хүмүүс маш их мэдлэгтэй бас ур чадвар эзэмшсэн тусгай бэлтгэгдсэн байх шаардлагатай байдаг юм шиг санагддаг?

-Тийм.  Гал сөнөөгч хүн гэдэг бол маш их мэдлэгтэй байх хэрэгтэй. Галыг унтраана гэдэг бол хэдэн бор нөхөд ирээд галыг зүгээр  балбаад унтраачихдаггүй. Маш нарийн тооцоолол, мэргэжлийн өндөр ур чадварыг гаргаж ажиллаж байж сая аюул ослоос олон нийтийг авардаг юм шүү дээ. Би маш энгийнээр тайлбарлая л даа.

Гал сөнөөгч хүн гэдэг бол:

-Инженер байх ёстой.  Барилгын хийц бүтэц, ямар  материалаар хийгдсэн, ямар стандарттай вэ гэдгийг тодорхойлох чадвартай байх ёстой.

-Химийн мэдлэгтэй байх ёстой. Жишээ нь хөөсөнцөр шатлаа гэхэд шатлага нь хэр хурдан явагдах вэ, утаа нь хэр өтгөн байх вэ, энийг унтраахад хэр зэргийн гал унтраах бодис хэрэгтэй вэ гээд химийн талын мэдлэг сайтай байх хэрэгтэй

-Хэлний мэдлэгтэй байх ёстой. Сүүлийн үед нэг обьект дээр гал гарлаа гэж бодоход бүх гарц заавар нь Англи хэл дээр байх жишээтэй, Орос, хятад гээд хэлний мэдлэгтэй байх ёстой.

–Физик, математикийн мэдлэг сайтай байх ёстой. Гал түймэр унтраана гэдэг бол цэвэр тооцоо. Тэдэн минутанд тэр ажиллагааг гүйцэтгэх ёстой, үлдсэн төдий хугацаанд тийм ажиллагааг хийх хэрэгтэй гээд бүгдийг тооцож байж галыг унтраана.

-Байнгын бэлтгэлтэй тамирчин байх ёстой. Хүнийг аварч хамгаалахын тулд бие бялдрын хөгжил сайтай, ямар ч эрсдлээс өөрийгөө болон бусдыг авран хамгаалах өндөр ур чадварыг эзэмшсэн байх нь гал сөнөөгч хүний онцлог юм.

Энэ мэтчилэн гал сөнөөгч хүн маш олон талын мэдлэг, ур чадварыг эзэмшсэн байдаг. Дээрээс нь Хөдөлмөр аюулгүй ажиллагааны заавар дүрмүүдийг ягштал баримталж, дадал зуршлаа болгосон байх ёстой л доо. Мөн манай Онцгой байдлын алба чинь төрийн тусгай алба гэж явдаг. Энэ утгаараа арав гаруй хуулийг судалдаг. Мөн арав гаруй дүрэм журмыг судалж, энэ хүрээнд гал түймэр унтрааж явдаг. Тэр дундаа Гал түймэр унтраах дүрэм гэж байгаа.  Тэр дүрмийг манай гал сөнөөгчид баримталж галаа унтраадаг. Ингээд бид чинь хууль эрх зүйн өндөр мэдлэгтэй болж байгаа юм. Мөн гал сөнөөгч хүн сэтгэл зүйн өндөр боловсролтой байх ёстой. Бид маш хүнд үйл явдалтай байнга учирдаг. Энэ бүхнийг хараад шантраад байвал бидний ажил урагшлахгүй. Тийм учраас сэтгэлзүйгээ хүртэл өндөр бэлтгэж авч явах ёстой гээд яриад байвал Гал сөнөөгч хүн гэдэг их өндөр хэмжээнд бэлтгэгдсэн хүмүүс байдаг юм.

-Мөн багаар ажиллаж, нэгнийгээ маш сайн мэдэрч сурсан байх хэрэгтэй болов уу?

-Яг тийм. Гал түймэр унтраана гэдэг бол хамтын бүтээл юм  Бид нэг ээлжиндээ дуудлага хүлээн авагч, жолооч, гал сөнөөгч, салаан дарга гээд гардаг.  Бид атгасан гар шиг гэдэгтэй адил биенийгээ маш сайн ойлгож хамтран ажиллаж байж онцгой эрсдэл бүхий бүсийг аюулгүй болгодог.

-Өөрийн тань хувьд  16 жил гал сөнөөх албанд хүчин зүтгэжээ. Энэ хугацаанд маш олон галын голомт дээр ажиллаж байсан нь ойлгомжтой. Энэ дундаас сэтгэлд үлдсэн ч гэдэг  юмуу, онцлоод  яримаар ямар, ямар гал түймрүүд байна вэ?

-Би нийт 300 гаруй хүнийг гал түймрийн аюулаас хамгаалсан байдаг. Эндээс 100 гаруй хүнийг утаажилтын бүсээс гаргасан. 112 хүнийг яг бие дааж амь насыг нь аварсан байдаг. Яг онцлох гал түймрүүд гэвэл, Бөмбөгөр болон Нарантуул худалдааны төвүүдийн галын голомт дээр ажиллаж байлаа. Мөн Долоон сарын 1-ний гал дээр ажиллаж байлаа. Түүнчлэн манай Хан-Уул дүүргийн ТЭЦ 3-ын маш том гал дээр ажиллаж байлаа. Хуучин цирк шатаж байхад ажилласан гээд дурдаад байвал дуусахгүй л дээ.

“Бид бэлэн л байх ёстой”

-Та 100 гаруй хүний амийг гардан аварсан гэж  байна. Хүний амь аварна гэдэг ямар гайхалтай зүйл билээ. Үнэхээр сайхан санагдаж байна шүү?

-Гал сөнөөгч хүний ажлаасаа авдаг хамгийн сайхан мэдрэмж бол амь аварсан хүмүүс нь бидэнд “Баярлалаа” гэж хэлэх мөч. Ер нь гал сөнөөгч хүн үхэл амьдралын зааг дээр л ажилладаг. Бид дуудлага аваад очиход хүмүүс тэр галаас зугтаж байдаг. Харин бид тэр гал руу нэвтрэн орж, тооцоо гаргаж, хэдэн хүн яаж орох уу, аврах ажиллагааг яаж зохицуулах уу, гал түймрийн голомтыг хэрхэн эрэн хайх вэ гээд л ажиллагааг маш хурдан тооцож, тогтоодог. Ингээд утаанаас хамгаалах багаа зүүгээд  задаргааны багаж, гал унтраах бодисоо аваад нийтдээ 20 гаруй кг юм үүрээд ордог. Галын голомтод хүнээ хайж эхэлнэ, амь нас эрүүл мэндээрээ хохирохоос өмнө олон хүн аварчихаад эмнэлгийн тусламжид хүргүүлээд дууссаны дараа ч үнэхээр сайхан шүү дээ.

Харин дараа нь авруулсан хүмүүс маань анги байгууллага дээр ирж талархсанаа илэрхийлдэг. Онцгой байдлын аврагчдын баярын өдөр гэнэт хүрээд ирнэ. Хүмүүсээс “Баярлалаа” гэсэн үг сонсох мөч хамгийн сайхан даа.

-Хамгийн сүүлд аварсан хүмүүсийн талаараа яриач?

-Улаанбаатар сувилал, Сэргээн засах клиник гэж байгаа. Энд хоёр ч  удаа гал гарч байсан. Энд эхлээд гарсан галаас 9,  дараагийнхаас 7 хүн аварч байлаа. Хамгийн сүүлд Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо Элитийн хорооллоос 9 хүний амийг аварч байлаа. Нээрэн сая хэдхэн хоногийн өмнө Туул голд живж байсан найман настай хүүг аварсан юм байна. Тухайн үед 8-9 настай найман хүүхэд явж байсан. Нэг нь голд живээд усны гүн рүү орчихсон байсныг аварсан.

-Уснаас хүртэл хүний амь авардаг байх нь ээ?

-Тэгэлгүй яахав, бид чинь аврагч гал сөнөөгч гэж явдаг шүү дээ. Гал усны гамшгаас ард иргэдээ хамгаалах үүрэгтэй хүмүүс. Уг нь урьд нь буюу 2003 оноос өмнө Гал түймэртэй тэмцэх газар байхдаа галд л явдаг байсан. Харин Онцгой байдлын асуудал эрхэлсэн газар болсноос хойш 10 гаруй төрлийн гамшиг осол болон гал түймрийн дуудлагад  оролцож эхэлсэн. Энэ зун хуурайшилт их байлаа. Ой хээрийн түймэр ч их гарч, түймэрт их явлаа. Саяхнаас бороо ороод ирэхээр үерийн аюул их байна. Ингээд  аюул гамшиг хувираад хувираад л нүүрлээд явчихдаг. Бид тэр бүхэнд бэлэн л байх ёстой.

-Гал түймэр гарах нөхцөл шалтгаан маш их нь мэдээж. Гэхдээ Гал сөнөөгч хүний хувьд  иргэдэд хандаж, галаас сэргийлэхэд юуг анхаарах ёстойг хэлээд өгөөч?

-Бүх л зүйл дээр СТАНДАРТ-ыг баримталмаар байна. Жишээ нь, айлууд байшингийнхаа янданг дээврээс  дээшээ 40-50 см илүү гаргаж барих байтал 10-20 см барьчихдаг. Галын үнсээ зориулалтын сав болон цэгт хийхгүй  ил задгай асгачихдаг.  Маш тодорхой нэг жишээ ярья. Монгол гэр тавхан минутын дотор шатчихдаг.  Гэр хоорондын зайг таван метрийн зайтай барих ёстой. Гэтэл айлууд хоёр метр ч хүрэхгүй зайнд барьчихдаг.  Тэгэхээр гал хажуу айл руугаа авалцах нь хурдан байдаг. Эндээс дүгнээд хэлэхэд,  Бүх зүйл дээр СТАНДАРТ л баримталмаар байна.

“Манай аврагчид маш их өвчилж байна”

-Онцгой байдлын аврагчдын нийгмийн асуудал болоод цалин хангамж хэр байдаг вэ?

-Ер нь дундаж цалин 600 мянга гаргаад л авдаг. Мэдээж энэ мөнгийг амьдралд хүргэхэд хэцүү. Гэхдээ яахав, хүргэх гээд л үзнэ шүү дээ. Улс орны эдийн засаг хэцүү байна.  Гэхдээ Монгол Улсын маань эдийн засаг залуус биднээс л шалтгаална гэж би боддог. Салбар, салбартаа залуучууд идэвхитэй санаачлагатай ажиллаж чадвал Монгол Улс маань удахгүй хөгжинө гэдэгт би бат итгэдэг. Бид хөгжүүлэхгүй бол өөр хэн хөгжүүлэх билээ,

-Та бүхний ажил хүнд. Авч байгаа цалин чинь арай л бага байна?

-Мэдээж Онцгой байдлын алба хаагчдын цалин хангамж, нийгмийн асуудал дээр анхаарах хэрэгтэй юу гэвэл, хэрэгтэй.  Манай Онцгой байдлын алба хаагчдыг 100 хувь гээд аваад үзэхэд 10 хувь нь л орон сууцанд амьдарч байгаа. Бусад нь дандаа гэр хороолол, хөлсний байшин, гэрт амьдардаг. Тиймээс аврагчдын нийгмийн асуудал дээр анхаарах хэрэгтэй.

Манай гэр бүлийн хувьд хоёулаа ажилладаг болохоор арай боломжийн. Бид хоёр зургаан жилийн хугацаанд цалингаа цуглуулж байгаад урьдчилгаа 30 хувиа бүрдүүлээд энэ байранд орсон.

-Байрныхаа тохижилтыг гоё хийсэн байна шүү?

Би НҮБ-ийн Энхийг сахиулах ажиллагаанд явж байсан. Ажиллагаанд  оролцсон мөнгөөрөө байраа тохижуулсан даа. Энэ дашрамд ярихад,  тэнд үүрэг гүйцэтгэх явцдаа батальоны шилдэг алба хаагчаар шалгарч байлаа. Мөн тухайн үед алба хааж байсан 16 орны тамирчны дунд явуулсан марафон гүйлтийн тэмцээнд түрүүлж байсан амжилттайгаар эх орондоо ирж байлаа.

 Түүнээс гадна Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас  алба хаагчдынхаа сургалтад маш их анхаарал тавьдаг. Жил болгон төлөвлөгөө боловсруулж, англи хэлний болон мэргэжлийн сургалтанд алба хаагчдаа явуулдаг.  БНХАУ, ОХУ, БНСУ, Япон зэрэг орнуудад гал сөнөөгчдөө сургалтад явуулж, туршлага хуваалцуулдаг. Миний хувьд 2010 онд БНСУ руу дөрвөн гал сөнөөгч сургалтад явуулахад нь шалгарч, явсандаа баяртай байдаг.

– Хүнд боломж олддог. Хамгийн гол нь боломжийг алдахгүй байх нь чухал гэдэг. Өөрийн тань хувьд өндөр хөгжилтэй оронд туршлага судлах боломжийг алдаагүй нь сайн хэрэг шүү. БНСУ-ын  гал сөнөөгчид болон манай Монголын гал сөнөөгчдийг харьцуулаад нэг яриач? 

-Манай Монголын гал сөнөөгчид бие бялдрын болон мэргэжлийн ур чадварын хувьд БНСУ-ын гал сөнөөгчдөөс илүү гарч байсан. Ганцхан  дэвшилтэд багаж тоноглолоор л дутагдаж байгаа нь мэдэгдэж байсан. Харин сүүлийн үед манай Онцгой байдлын газрын удирдлагууд маань гал түймэр унтраах багаж зэвсгийн парк шинэчлэл хийх хэрэгтэй юм байна гэж шийдээд энэ тал дээр маш сайн ажиллаж байгаа. Жишээ нь, Япон улсад үйлдвэрлэсэн хүн тээвэрлэдэг машин Герман улсад үйлдвэрлэсэн өндөр зэрэглэлийн машин тоног төхөөрөмжтэй өнөөдөр бид ажиллаж байна. .

-Та бүхэн өдөрт хэчнээн дуудлагад явдаг вэ?

-Нийслэлд хүн ам нэмэгдэхийн хэрээр галын дуудлага ихэссээр байна. Бид өдөрт хамгийн багадаа 2- 3, хамгийн ихдээ 10 гаруй дуудлаганд  явдаг.

-Ачаалал ихтэй л байдаг юм байна. Хүний нөөц боловсон хүчний хувьд хэр хүрэлцээтэй байдаг бол?

-Гал сөнөөгчдийн хувьд  24 цаг үүрэг гүйцэтгэж, 72 цаг амрах ёстой. Гэвч манай Онцгой байдлын алба хэлтэс хүн хүч багатай болохоор 72 биш 24 цаг амраад ажилдаа ордог. Ажлаасаа буугаад эргүүлд гардаг. Ер нь ажлын цаг ихтэй. Амралт багатай.  Олон цаг ажилласнаас болоод манай аврагчид маш их өвчилж байна. Нойргүйдлийн, зүрх судасны, нойр булчирхайн, нуруу, үе мөчний өвчинд дарлагдаж байна л даа. Энд нэг жишээ дурдахад, БНСУ-д гал сөнөөгчдөө  найман цагаас илүү гаргаддагүй. Гэтэл манайх 24 цаг гаргаж байх жишээтэй. Тэгээд болоогүй ажлаасаа буугаад эргүүлд гаргадаг.  Нэг талаас ийм байна. Харин нөгөө талаасаа бид тангараг өргөсөн алба хаагч гэдэг үүднээсээ “Аюул ослын үед байнгын бэлэн байдалд байх ёстой.

-Өөрийн тань хувьд спортоор их хичээллэдэг. Чамгүй амжилтын эзэн болсон байна. Энэ талаараа яриач?

. -Гал сөнөөгч хүн бие бялдрын хувьд өөрийгөө үргэлж хөгжүүлж байх ёстой. Байнгын хүчний дасгал, хурдны дасгал хийж байж олон цагаар үргэлжилсэн гал түймэр дээр эцэхгүй, цуцахгүй ажиллах чадвартай болдог. Би наймдугаар ангиасаа эхлээд хөнгөн атлетикаар хичээллэж эхэлсэн. 2007 онд Хөнгөн атлетикийн спортын мастерын болзол хангасан. Марафоны төрлөөр хичээллэдэг. Олон улсаас нийтдээ 20 гаруй медальтай. Улсын аваргаас 30 гаруй, хот дүүргийн аваргаас 100 гаруй медалийн эзэн болсон. Мөн марафоноос гадна цэрэгжилтийн бэлтгэлээр хичээллэдэг. Нийслэлийн Онцгой байдлын газрын Марш –д алт, мөнгө, хүрэл медалийн эзэн болж байлаа. Миний гаргасан амжилт бол хамт олны минь амжилт гэж би боддог. Учир нь манай удирдлагууд намайг ойлголж, тэмцээний бэлтгэлийн үед чөлөө өгч дэмждэг. Энэ дашрамд,  Онцгой байдлын ерөнхий газрын дарга Бадрал, дэд дарга Ариунбуян, Онцгой байдлын Ерөнхий төв аппарат, Нийслэлийн Онцгой байдлын  газрын дарга Уламбаяр, дэд дарга Эрдэнэбаатар, Дашням  хэлтсийн дарга, манай Хан-Уул  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн хамт олон, дарга Даваасүрэн, манай ангийн. Дарга Адъяадорж болон 14 дүгээр ангийн хамт олондоо баярлаж явдгаа хэлмээр байна.

“Хань минь нүүр нь хав хар болчихсон гэртээ орж ирэхэд өөрийн ирэхгүй өрөвдөж, нүднээс нулимс асгарах үе зөндөө л байсан”

Д.Тэмүүжингийн гэргий ингэж ярилаа.

-Гал сөнөөгч хүний гэргий байна гэдэг амаргүй л байх?  

-Гал сөнөөгч хүний эхнэр байна гэдэг хэцүү.  Анх бол “Юу вэ би чинь ямар хүнтэй суучих ваа” гэсэн бодол хүртэл сэтгэлд орж ирдэг байлаа. Ерөөсөө “Ажил бол ажил” л гэсэн зарчимтай манай хүн. Гамшгийн дуудлага хэзээ ирнэ, тэр үед нь шөнө ч байсан хамаагүй босоод яваад л өгдөг. Байнгын утсаа чагнана. Мөн 10, 20 хоногоор хээрийн түймэрт яваад өгнө. Анхандаа залуухан ч байж, “Чи намайг 10, 20 хоногоор хаяад ажилдаа яваад өгдөг” гээд л ханьдаа гомдоллоно.

 Уг нь хань маань ямар зугаа цэнгэл хөөгөөд явж байгаа биш. Гэхдээ л эмэгтэй л хүн болсон хойно тунина л даа. Гэвч хайр маань гал түймэр унтраагаад  хав хар болчихсон гэртээ ирэхэд нь өөрийн эрхгүй өрөвдөөд, бараг нүдний нулимс асгарах үе  зөндөө л байсан.

Том гал  дээр гарахаар хайрыгаа их өрөвддөг. Гэхдээ  олон хүний амь аварч, өчнөөн олон гэр бүлийг элэг бүтэн байлгасан гавьяаг нь бодохоор үнэхээр их бахархдаг.

-Гал сөнөөгч хүн гэртээ байх хугацаа бага биз?

-Би ханьдаа хэлдэг л дээ. “Чи бараг нь миний амьдралын гуравны хоёрт нь байхгүй байдаг. Би ганц бие хүн шиг л амьдардаг” гэж гомдлох үе байдаг.  Гэхдээ миний хань гэртээ байх хугацаандаа гэр бүлдээ цагийг маш чанартай зарцуулдаг. Хэвтээд унтаад байдаггүй. Зав л гарвал, салхинд гаръя, хамтдаа ийм зүйл суръя гэж санаачилдаг.  Чөлөөт цагаа их зөв боловсон өнгөрөөдөг хүн.

Дээрээс нь манай хүн үнэхээр ажилдаа хайртай. Зарим хүмүүс гал сөнөөгчөөр хэдхэн жил ажиллаад шантардаг.  Харин манай хүн эсрэгээрээ. Хэчнээн том гал гарсан ч маргааш нь инээгээд л, эрч хүчтэй ажилдаа явдаг тийм л сэтгэлзүй сайтай хүн дээ.

Гал сөнөөгч хүний гэргий болсон Б.Даваажаргал ингэж ярьсан юм. Ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй яваа эр хүний ард гэргий нь бат зогсч байдаг гэдэг үнэхээр үнэн ажээ. Үүнийг бататгах мэт Д.Тэмүүжин гэргийнхээ талаар “Маш  хүнд аваарь осол, гал түймэр дээр ажиллаад л хамаг хүчээ шавхаад ирэхэд хань минь, хоёр хөөрхөн хүү маань тосоод авахад аяндаа эрч хүч ороод ирдэг. Хэд ч хоногоор хамаагүй хээрийн түймэрт явах хойгуур ар гэрээ алзахгүй аваад явдаг эхнэртэй болохоор би юунд ч санаа зовохгүйгээр ажилдаа анхаарлаа хандуулаад явж чаддаг” хэмээн ярьсан юм.

Д.Тэмүүжин, Б.Даваажаргал  хоёрын хувьд  2008 онд ууган хүүгээ өлгийдөн авч байсан бол өдгөө хоёр хүүхдийн аав, ээж болжээ. Тэд үнэхээр үлгэр жишээ залуу гэр бүл болон амьдарч чадаж байна.

“Манай гэр бүл өглөө зав зай гарвал гүйдэг. Дашрамд  Монголын залуу гэр бүл, залуучууддаа спортлог байя, хэмээн  уриалмаар байна” хэмээн тэд хэлж байв. Д.Тэмүүжингийн гэр бүл энэ жил спортын амжилтаар дүүрэн байгаа гэнэ. Тэд өнгөрөгч долдугаар сард болсон  “Улаанбаатар марафон” Олон улсын тэмцээний гэр бүлийн төрөлд амжилттай оролцож, хоёрдугаар байрт, хэдхэн хоногийн өмнө болсон “Үзэсгэлэнт Улаанбаатар-2017” Олон улсын тэмцээний  “Цомын аварга”-ын эзнээр тодорч, Хятадын хотуудаар аялах эрхээр шагнуулсан байна.

20839123_275461186270715_261480642_n

 

Бусдын эрдэнэт амийг аварлаа гээд ГАЛ СӨНӨӨГЧИД сагсуурч бардамнасангүй. Дэндүү даруухан амьдрах.

Гал усны гамшигтай гар бие тулалдсаар…

Ийм л эгэл жирийн, ийм л даруухан атлаа тэнгэрлэг орших АВРАГЧ ГАЛ СӨНӨӨГЧ нараараа ард түмэн нь бахархах учиртай билээ.

С.Өлзийбаяр

Эх сурвалж: Zindaa.mn