Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0
1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот, Архангай, Булган, Дархан-Уул, Дорноговь, Сэлэнгэ, Хэнтий аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон говийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос 6-11 м/с, төв, говь, зүүн аймгуудын зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар 16-21 градус, Их нууруудын хотгор болон Алтай өвөр говиор 28-33 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг, бороо орно, дуу цахилгаантай, салхи зүүн хойноос 6-11 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. 17-19 градус дулаан байна.

Төлөв байдал: 12-нд нутгийн зүүн хагаст бороо, 13-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, 14-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар,15-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 12-нд баруун аймгуудын нутгаар, 13-нд Алтайн салбар уулс болон Арц-Богдын өвөр хоолойгоор, 14, 15-нд зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө  21-26 градус дулаан байна. 12-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Булган аймгийн Орхон сумын Халиун  багийн Бүрэнбүстийн “Хөх чулуут” гэдэг газар гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.10-ны өдрийн 18:49 цагт хүлээн авч Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд гал тогооны өрөөнд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 08.10-ны өдрийн 14:59 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Бургалтай багийн “Ар-Бургалтай” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 90 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 08.07-ны өдрийн 12:18 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Булган аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, орон нутгийн 10 иргэн, нийт 45 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 08.10-ны өдрийн 20:55 цагт бүрэн унтрааж, тус сумын Байгаль орчны улсын байцаагч, ойн ангийн дарга, байгаль хамгаалагч нарт хүлээлгэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Их-Ажир” гэдэг газар /Бугант тосгоноос зүүн урд зүгт 65 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.29-ний өдрийн 13:27 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, нийт 24 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 08.10-ны өдрийн 15:00 цагт бүрэн унтрааж, тус сумын Байгаль хамгаалагчдад хүлээлгэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Бөхлөө голын-Ар” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 66 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 08.08-ны өдрийн 16:18 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч, орон нутгийн 6 иргэн, нийт 15 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 08.10-ны өдрийн 15:00 цант бүрэн унтрааж, тус сумын Байгаль хамгаалагчдад хүлээлгэн өгсөн.

 4.Зам тээврийн осол:

Авто-замын осол: Баян-Өлгий аймгийн Буянт сумын Өмнөгол багийн “Шар нуур” гэдэг газар Ховд аймгийн төвөөс-Баян-Өлгий аймгийн чиглэлд зорчиж явсан 66-64 ХОҮ улсын дугаартай суудлын автомашин, 26-58 БӨА улсын дугаартай ачааны автомашины араас мөргөж автомашины төмөр эд ангид хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 08.11-ний өдрийн 00:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан эмэгтэй /нэр, хаяг тодорхойгүй/ хүний цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн “Зэрлэгийн-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 56 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 240 км-т/ тус сумын харьяат иргэн Б /25 настай, эрэгтэй/ “Үүр” голд усанд живсэн тухай дуудлагыг 08.09-ний өдрийн 17:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, Цагдаагийн газрын 1 алба хаагч, орон нутгийн 4 иргэн, нийт 10 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 08.10-ны өдрийн 10:27 цагт унаж явсан мотоциклыг олж уснаас гаргасан.

Завхан аймгийн Сантмаргац сумын Баяннуур багийн  “Билүүт” гэдэг газар /аймгаас 292 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т/ ОХУ-аас аялалаар явсан 20 хүн /5 автомашинтай/-ээс Москва хотын харъяат иргэн А /46 настай, эрэгтэй/ 08.05-ны өдрийн 17:00 цагт “Баяннуур”-т усанд живсэн тухай дуудлагыг 08.06-ны өдрийн 10:58 цагт хүлээн авч тус аймгийн 6 алба хаагч, Увс аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, Цагдаагийн газрын 1 алба хаагч, орон нутгийн 1 иргэн, нийт 10 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр нуурын эрэг дагуу автомашинтай болон явганаар 12 км газар хайж, нуурын усанд 7 км тор тавих, зангуу чирэх, давлагаа үүсгэх аргуудаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР