Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0
1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Баян-өлгий, Булган, Говь-Алтай, Дорнод, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Увс, Хөвсгөл аймгийн нутагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн зүүн хагаст зүүн өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж 8-13 м/с, борооны өмнө түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсч 13-18 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс 7-12 м/с, борооны өмнө түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. 25-27 градус дулаан байна.

Төлөв байдал: 10-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 11,12-нд нутгийн зүүн хагаст бороо, 13-нд баруун болон зүүн аймгуудын нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 10-11-нд говь, талын нутгаар 14-16 м/с, 12-нд Алтайн салбар уулсаар, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 12-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө хална.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байранд эд хогшил шатаж байна гэсэн дуудлагыг 08.09-ний өдрийн 01:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Гурвансайхан багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.08-ны өдрийн 08:46 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Хамтын болон гадаад улсын өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд Зайсангийн-Ам, “Богдхан” амралтын газар 1 ширхэг ургаа мод шатаж байна гэсэн дуудлагыг 08.08-ны өдрийн 20:40 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Бургалтай багийн “Ар-Бургалтай” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 90 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 08.07-ны өдрийн 12:18 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Булган аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, орон нутгийн 10 иргэн, нийт 45 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Их-Ажир” гэдэг газар /Бугант тосгоноос зүүн урд зүгт 65 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.29-ний өдрийн 13:27 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, нийт 24 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 08.04-ний өдрийн 14:00 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Буянт” гэдэг газар /түнхэл тосгоноос зүүн урд зүгт 18 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.29-ний өдрийн 20:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 19 алба хаагч, Дархан-Уул аймгийн 8 алба хаагч, нийт 27 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 08.04-ний өдрийн 16:29 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Хүдэр-Овоот” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 32 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.29-ний 15:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 18 алба хаагч, ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн 12 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 30 иргэн, нийт 72 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 08.08-ны өдрийн 15:30 цагт бүрэн унтрааж “Хангайн бүргэд” ХХК-ийн захиралд хүлээлгэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багийн “Улаан булаг” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 45 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 08.01-ний 18:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн 23 алба хаагч, НОБГ-ын 25 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 52 иргэн, нийт 119 хүн, 12 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

 4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн “Хойд мэргэн шанаа” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 28 км-т/ “Өгийнуур”-т  Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 13 дугаар хороонд оршин суугч иргэн Б /44 настай, эрэгтэй/ нуурын усанд живсэн тухай дуудлагыг 08.06-ны өдрийн 15:43 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, нийслэлийн Аврах ангийн 3 алба хаагч, Цагдаагийн газрын 1 алба хаагч, орон нутгийн 4 иргэн, нийт 21 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 08.08-ны өдрийн байдлаар 21 удаа гүний шумбалт хийсэн.

Завхан аймгийн Сантмаргац сумын Баяннуур багийн  “Билүүт” гэдэг газар /аймгаас 292 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т/ ОХУ-аас аялалаар явсан 20 хүн /5 автомашинтай/-ээс Москва хотын харъяат иргэн А /46 настай, эрэгтэй/ 08.05-ны өдрийн 17:00 цагт “Баяннуур”-т усанд живсэн тухай дуудлагыг 08.06-ны өдрийн 10:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Ө.Болдоор ахлуулсан 13 алба хаагч, Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Баттулгаар ахлуулсан 4 алба хаагч, цагдаагийн газрын 8 алба хаагч, орон нутгийн 3 иргэн, нийт 28 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр нуурын эргийн дагуу автомашинтай болон явганаар 62 км газар хайж, нуурын усанд 4-7 метрийн гүнд 17 удаа гүний шумбалт хийж, тор тавих, зангуу чирэх, давалгаа үүсгэх аргуудаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР