Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0
1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 7-12 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур 18-20 м/с, зарим үед 24 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун хойноос  7-12 м/с, 24-26 градус дулаан байна.

Төлөв байдал: 9-нд ихэнх нутгаар, 10-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд зүүн аймгуудын нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 9-нд баруун болон төв, говийн аймгуудын нутгаар, 12-нд Алтайн салбар уулсаар түр зуур 18-20 м/с, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. 9-нд нутгийн баруун хэсгээр, 10-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 12-ноос ихэнх нутгаар дулаарна.

2.Объектын түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Номин” ХХК-ийн аж ахуйн хашаанд агуулахын дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.08-ны өдрийн 00:39 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны “ Майхантын-Ам” гэдэг газар гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.07-ны өдрийн 16:36 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрны суурийн давхарт амьдардаг иргэн М-ийн өрөөнд хураалттай цахилгааны утас шатаж байна гэсэн дуудлагыг 08.07-ны өдрийн 21:49 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн М /43 настай, эрэгтэй/ угаартсан байсан тул эсэн мэнд гаргаж НТТ-д шилжүүлэн өгсөн.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Их-Ажир” гэдэг газар /Бугант тосгоноос зүүн урд зүгт 65 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.29-ний өдрийн 13:27 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, нийт 24 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 08.04-ний өдрийн 14:00 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Эрээн дэв” гэдэг газар /сумын төвөөс  зүүн урд зүгт 51 км-т/ аянга буусны улмаас ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.08-ны өдрийн 13:45 цагт хүлээн авч орон нутгийн 15 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж цурмыг  08.07-ны өдрийн 10:48 цагт цагт бүрэн унтрааж, “Хувьцаа” ХХК-ийн захиралд хүлээлгэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл  тосгоны “Тайлч” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 111 км-т/ ойн түймэр гарсан дуудлагыг 07.12-ны өдрийн 13:24 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 18 алба хаагч, Аврах тусгай ангийн 12 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 41 иргэн, нийт 83 хүн, 5 техник хэрэгсэлтэй ажиллаж 08.07-ны өдрийн 10:48 цагт унтрааж тус сумын Байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн. Түймэр унтраахаар ажиллаж байсан ОБЕГ-ын харъяа АТА-ийн 12 алба хаагч, 1 автомашинтай бүлгийг “Улаан булаг” гэдэг газрын түймэр лүү, бусад алба хаагчдыг “Хүдэр-Овоотын” түймэр лүү тус тус шилжүүлж, орон нутгийн иргэдийг голомтоос буулгасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны “Хужирт” гэдэг газар /түнхэл тосгоноос зүүн урд зүгт 16 км-т/ 07.27-ны өдөр аянга буусны улмаас ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.29-ний өдрийн 13:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, орон нутгийн 93 иргэн, нийт 100 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 08.07-ны өдрийн 21:00 цагт бүрэн унтрааж тус сумын Хужирт нөхөрлөлийн ахлагчид хүлээлгэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Буянт” гэдэг газар /түнхэл тосгоноос зүүн урд зүгт 18 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.29-ний өдрийн 20:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, Дархан-Уул аймгийн 8 алба хаагч, нийт 21 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 08.04-ний өдрийн 16:29 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Хүдэр-Овоот” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 32 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.29-ний 15:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 18 алба ххагч, ОБЕГ-ын харъяа АТА-ийн 12 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 30 иргэн, нийт 72 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багийн “Улаан булаг” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 45 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 08.01-ний 18:20 цагт хүлээн авч НОБГ-ын 25 алба хаагч, ОБЕГ-ын харъяа АТА-ийн 12 алба хаагч, орон нутгийн 52 иргэн, нийт 89 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

 4.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Үер: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2,3,4 дүгээр багт 08.07-ны өдрийн 12:00-20:00 цагийн хооронд усархаг бороо орсны улмаас 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 10 байгууллага, аж ахуйн нэгжийн байрны суурын давхарт, 3 дугаар багийн  6 орон сууцны байрны суурийн давхарт,  2 дугаар багийн “Булаг”-ын 27 айл өрх, “Өлзийт” хорооллын 5 айл өрх, 3 дугаар багийн “Тээвэрчид”-ийн 5 айл өрх, Баянмөнхийн 45 айл өрхийн, 4 дүгээр багийн “Сариг”-ийн 4 айл өрх, нийт 86 айлын гэр, хашаанд ус орсон тухай дуудлагыг 08.07-ны өдрийн 16:21 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 49 алба хаагч, “Хэнтий-Ус” ХХК-ийн 10 хүн, “Харгуй” ТӨХК-ийн 1 хүн, Хэнтий цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн 10 хүн, нийт 70 хүн, 18 техник хэрэгсэлтэйгээр, ажиллаж барилгын суурийн давхрын усыг соруулж, 18 айл өрхийг нүүлгэн шилжүүлж, шуудуу татаж, далан босгосон байна.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Сүхбаатар аймгийн Халзан сумын Сахиул багийн “Цагаан дэрсний хөндий” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 52 км-т/ тус аймгийн Баруун-Урт сумын харъяат  Г /9 настай, эрэгтэй/ 08.07-ны өдрийн 09:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.07-ны өдрийн 13:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж  гэрээс нь зүүн зүгт 8 км-т иргэн Т-гийн гэрээс эсэн мэнд олсон.

Усны осол /эрэн хайх, аврах/: Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн “Хойд мэргэн шанаа” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 28 км-т/ “Өгийнуур”-т  Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 13 дугаар хороонд оршин суугч иргэн Б /44 настай, эрэгтэй/ нуурын усанд живсэн тухай дуудлагыг 08.06-ны өдрийн 15:43 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, Цагдаагийн газрын 1 алба хаагч, орон нутгийн 4 иргэн, нийт 15 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 08.07-ны өдрийн байдлаар 15 удаа гүний шумбалт хийсэн. 08.08-ны өдрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Төв аймгийн Жаргалант сумын Загдал багийн “Нуга шанага” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харъяат  Б /17 настай, эрэгтэй/ тогтоол усанд осолдсон тухай дуудлагыг 08.07-ны өдрийн 12:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын 7 алба хаагч, ар гэрийн 7 иргэн, нийт 19 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 08.07-ны өдрийн 23:50 цагт эргээс 30 метр, 3 метрийн гүнээс цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Завхан аймгийн Сантмаргац сумын Баяннуур багийн  “Билүүт” гэдэг газар /аймгаас 292 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т/ ОХУ-аас аялалаар явсан 20 хүн /5 автомашинтай/-ээс Москва хотын харъяат иргэн А /46 настай, эрэгтэй/ 08.05-ны өдрийн 17:00 цагт “Баяннуур”-т усанд живсэн тухай дуудлагыг 08.06-ны өдрийн 10:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, цагдаагийн газрын 8 алба хаагч, орон нутгийн 3 иргэн, нийт 19 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 08.07-ны өдрийн байдлаар ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, Онцгой байдлын хурандаа Б.Мандахгэрэлийн шийдвэрээр Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, Онцгой байдлын хурандаа Б.Баттулгаар ахлуулсан 4 алба хаагч, 1 автомашинтай хүч нэмэгдүүлэн ажиллаж, 12-21 метрийн гүнд 4 удаа шумбалт хийсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, Онцгой байдлын хурандаа Ө.Болдоор ахлуулсан 5 алба хаагч, 1 автомашинтай 08.07-ны өдрийн 21:40 цагт нуурын эрэгт очсон. 08.08-ны өдрийн 05:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

6.Мал амьтны гоц халдварт өвчин:

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баянтэрэм багийн “Гүн булаг” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т/ Увс аймгийн Зүүнговь сумын харьяат малчин Б-гийн 10 үхэрт  малын гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д хүргүүлсэн, шинжилгээний хариу гараагүй байна. Тус сумын малын эмчийн 08.03-ны өдрийн эмнэлзүйн үзлэгээр “Шүлхий” өвчин болох нь тогтоогдсон.

Дундговь аймгийн Гурвансайхан сумын Дэрсэн-Ус багийн “Цагаан хошуу” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 20 км-т/ малчин Б-гийн 3 үхэрт 08.01-ний өдөр мал, амьтаны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 08.03-ны өдрийн 17-1542 дугаар шинжилгээний хариугаар “Шүлхий” өвчин болох нь тогтоогдсон.

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сум, Тариат багийн “Улаан сайгын-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 32 км-т/ малчин Д-гийн нохой мал, амьтны халдварт “Галзуу” өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 08.02-ны өдрийн 17-351 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь тогтоогдсон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР