Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0
1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Сүхбаатар, Хөвсгөл, Төв аймгийн нутагт түр зуурын бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с, зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 35-40 градус, говь болон зүүн аймгуудын хойд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос 7-12 м/с, борооны өмнө түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. 26-28 градус дулаан байна.

Төлөв байдал: 18-нд баруун болон говийн аймгуудын хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын зарим газраар, 19-нд нутгийн зарим газраар, 20-нд говь болон зүүн аймгуудын зарим газраар, 21-нд Алтайн уулархаг нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. 18-нд нутгийн хойд хэсгээр, 19-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө   17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө хална.

2.Объектын түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд “Дэвшил” ХХК-ийн хашаанд 500 боодол хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 07.16-ны өдрийн 18:48 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн Төмөр замын 33 дугаар зөрлөгийн хажуугийн зорчих хэсгийн автозам дээр иргэн С-ийн УНБ 19-66 улсын дугаартай “Эстима” загварын суудлын автомашин шатаж байна  гэсэн дуудлагыг 07.16-ны өдрийн 15:49 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Булган аймгийн Сэлэнгэ сумын Таримал багийн “Таримлын-Эх” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 10 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 18:48 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, орон нутгийн 12 иргэн, нийт 36 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант багийн “Хэрийн гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 120 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.05-ны өдрийн 23:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 17 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Буурагчин багийн “Өлөнт” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07:08-ны өдрийн 19:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 1 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 30 алба хаагч, орон нутгийн 19 иргэн, нийт 50 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант багийн “Майнт өндөр-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.09-ний өдрийн 19:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 25 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл багийн “Эрээн дэв” гэдэг газар /сумын төвөөс  зүүн урд зүгт 51 км-т/ аянга буусны улмаас ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.08-ны өдрийн 13:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 22 алба хаагч, Аврах тусгай ангийн 12 алба хаагч, НОБГ-ын 12 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, орон нутгийн 14 иргэн, нийт 70 хүн 9 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл багийн “Хуст” гэдэг газар /Түнхэл тосгоноос зүүн урд зүгт 15 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.11-ний 22:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 19 алба хаагч, орон нутгийн 55 иргэн, нийт 74 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сум, Төмөр замчид багийн “Гүнжийн даваа” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.13-ны өдрийн 19:08 цагт хүлээн авч орон нутгийн 35 иргэн, 8 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.15-ны өдрийн 20:00 цагт түймрийг цурманд оруулж, 07.16-ны өдрийн 13:20 цагт бүрэн унтрааж “Хандгай нуруу” ойн нөхөрлөлийн ажилтанд  хүлээлгэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл багийн “Хүдэр-Овоо” гэдэг газар /Түнхэл тосгоноос зүүн зүгт 36 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 11:08 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 1 алба хаагч, НОБГ-ын 12 алба хаагч, Дундговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Булган аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 12 иргэн, нийт 49 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, Баянцагаан багийн “Харанхуйн-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 20 км-т/ 07.09-ний өдөр ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.11-ний өдрийн 11:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 1 алба хаагч, Аврах тусгай ангийн 24 алба хаагч, орон нутгийн 24 иргэн, нийт 49 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сум,  Баянцагаан багийн “Шоргоолжийн даваа” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 30  км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.12-ны өдрийн 20:32 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 21 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 20 алба хаагч, орон нутгийн 7 иргэн, нийт 48 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Төв аймгийн Батсүмбэр сум, Цогт-Өндөр багийн “Хөх чулуут” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 45 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.09-ний өдрийн 14:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 16 алба хаагч, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 9 иргэн, нийт 57 хүн,  5 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Төв аймгийн Батсүмбэр сум, Баянгол багийн “Цацралтын-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.09-ний өдрийн 19:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 25 алба хаагч, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, орон нутгийн 60 иргэн, нийт 98 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.10-ны өдрийн 19:56 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Төв аймгийн Батсүмбэр сум, Цогт-Өндөр багийн “Мухар” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 25 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.11-ний өдрийн 12:20 цагт хүлээн авч орон нутгийн 8 иргэн, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.11-ний 17:35 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Төв аймгийн Батсүмбэр сум, Үдлэг багийн “Харуул толгой” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 25 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.11-ний өдрийн 19:10 цагт хүлээн авч орон нутгийн 45 иргэн, 5 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж 07.12-ны 15:00 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Төв аймгийн Батсүмбэр сум, Цогт-Өндөр багийн “Өлгийн таван толгой” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 35 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.13-ны өдрийн 10:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 16 алба хаагч, НОБГ-ын 13 алба хаагч, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Архангай аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 16 иргэн, нийт 69 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Төв аймгийн Батсүмбэр сум, Баянгол багийн “Арслангийн-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 16:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, орон нутгийн 15 иргэн, нийт 24 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Төв аймгийн Эрдэнэ сум, Баянтуул багийн Естийн рашааны “Орц-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойш 300 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 13:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, орон нутгийн 16 иргэн, нийт 28 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Төв аймгийн Эрдэнэ сум, Чулуут багийн “Ар матах-Уул” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 200 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 07.16-ны өдрийн 18:35 цагт хүлээн авч Аврах тусгай ангийн 24 алба хаагч, орон нутгийн 13 иргэн, нийт 37 хүн, 2 техник хэрэгсэлтэй, 10 морьтойгоор унтраахаар ажиллаж байна.

Хээрийн түймэр: Булган Гурванбулаг сум, Хөгнө багийн “Устын-Ам” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 40 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 11:35 цагт хүлээн авч орон нутгийн 30 иргэн, 4 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж 07.16-ны өдрийн 08:00 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Булган аймгийн Тэшиг сум, Харгал багийн “Сүүжийн-Адаг” гэдэг газар “Эг”-ийн голын усанд тус сумын харъяат иргэн О /23 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 17:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 завь, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 07.16-ны өдрийн байдлаар “Эгийн” голын  гүүрнээс “Хонгор толгой” гэдэг газар хүртэл усаар 17 км газар завьтай урсаж, 8 удаа шумбалт хийж, эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.

Бусад: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд Баянхошууны тойрог замын зорчих хэсэгт тээвэрлэж явсан 40 тоннын чингэлэг 02-97 УНГ улсын дугаартай Приус-11 загварын суудлын автомашин дээр унаж хүн дарагдсан тухай дуудлагыг 07.16-ны өдрийн 12:14 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэй ажиллаж иргэн М /36 настай, эрэгтэй/, Б /16 настай, эрэгтэй/, Г /7 сартай, эрэгтэй/ нар автомашины төмөр хийцэд хавчуулагдан гэмтсэн байсныг гарган НЯТТ-ийн 103-н эмч нарт шилжүүлэн өгч, хэргийн газрыг замын Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР