Урьдчилан сэргийлэх, илрүүлэх систем чухал

0

Дэлхийн жишиг

Манай хойд хөршийн хувьд ой, хээрийн түймэр унтраах гол хэрэгслүүдийн нэг нь нисэх онгоц. Тодруулбал, цэргийн тээврийн Ил-76 болон нисдэг завь гэгддэг Бе-200. Нисдэг завь нь цагт 150-190 км хурдтайгаар 12 тонн ус, 1.2 шоо метр химийн бодис тээвэрлэх чадалтай. Түймрийн голомтод цагт 250 км хурдтай нисэж, 0.8-1 секундийн дотор усаа асгадаг.

Тэрчлэн энэ онгоцыг эрэх, аврах, янз бүрийн онц байдлын үед тусгай багийг хүргэх, эдийн засгийн бүсэд эргүүл хийх, байгаль орчны хяналтад ашиглах боломжтой. ОХУ-ын Онцгой байдлын яам гал сөнөөгч ийм дөрвөн онгоцтой. Ил-76 нь 40 тонн ус тээвэрлэж, 50-100 метрийн өндрөөс 6-8 секундэд усаа асгах боломжтой. Бе-200-гаас ялгаатай нь түймэр рүү асгах усны хэмжээ их учир өргөн талбайг хамарсан галтай тэмцэх үр нөлөөг дээшлүүлнэ. Ийм онгоц Орост тав бий аж.

Тэгвэл Канад улс гал түймэртэй тэмцэх 112 нисэх онгоцтойгоос 45 нь хувийн компанид, бусад нь мужуудын захиргаанд харьяалагддаг байна. Тоо ширхгийн хувьд олон ч чадлын хувьд нэг нь Бе-200-тай харьцуулшгүй. Мөн нисэх онгоц төдийгүй автомашинууд нь дэлхийн II дайны үеийнх гэнэ. Гэхдээ агаарын хяналтын сүлжээ хөгжсөн тул гарсан түймрийг бага байхад нь илрүүлдэг учир хуучирсан, жижиг гэлтгүй нисэх онгоцууд нь маш үр өгөөжтэй ажилладаг байна.

АНУ-д байдал нэлээд өөр. Төрийн өмчийн, галын цөөн нисэх онгоцтой. Хамгийн том парктай нь Калифорни муж улс бөгөөд тэнд 1950-иад онд үйлдвэрлэсэн S-2T гэдэг нисэх онгоц 23 бий. Үүнээс гадна Миннесотад гурав, Умард Каролинад нэг онгоц байдаг. Галын машинууд нь хувийн компаниудад харьяалагддаг бөгөөд мөн л дэлхийн II дайны үеийнх аж.

Тус улсын хувийн компаниуд янз бүрийн загварын 34 онгоц, тэдгээрийн дотор Mcdonnell douglas-10, Boeing-747 зэрэг аварга том нь байдаг ч хүрэлцдэггүй юм байна. Тиймээс гол ачаалал АНУ-ын Агаарын цэргийн хүчин, Үндэсний гвардын тээврийн С-130 нисэх онгоцонд ногддог.

Бусад улсад ч үүнтэй төстэй дүр зураг ажиглагдаж байна. 50-60 жилийн настай техник гал сөнөөгчдийн ажлын голыг нугалдаг. Гэхдээ газар авахаас нь өмнө галыг унтраах гол зорилго тавьдаг аж. Тиймээс гал түймэр зэрэг онцгой байдал үүсэхээс өмнө урьдчилан сэргийлэх, гарсан цаг тухайд нь илрүүлэх системийн үүрэг эрс өссөн байна.

Их хэмжээний гал түймэртэй тэмцэхийн тулд Агаарын цэргийн хүчин, хөгжингүй орнуудын агаарын тээврийн компаниудын ашиглалтаас гарсан том техникүүд, эсвэл ус асгах системээр тусгайлан тоноглосон цэргийн тээврийн нисэх онгоцнуудыг ашигладаг.

Үүний сацуу хамгийн хүчтэй нисэх онгоцтой байсан ч урьдчилан сэргийлэх, түргэн илрүүлэх системийг хөгжүүлэхгүйгээр шаардлагатай үр дүнд хүрэх боломжгүй юм. Тиймээс Агаарын цэргийн хүчин, Онцгой байдлын яамны нүд, чих болж, галын голомтыг бага дээр нь унтраах ойн агаарын хамгаалалт мэтийн бүтэцтэй болох шаардлага тулгараад буй.

Гал түймэртэй зөвхөн агаараас төдийгүй газарт тэмцдэг. Галын машин дэлхийн бараг аль ч улсад хүрэлцдэггүйн дээр ойн түймэртэй тэмцэхэд шаардлага хангадаггүй гэнэ. Ийм нөхцөлд ОХУ КАМАЗ, Урал машинтай ч дугуй нь галд тэсвэргүй тул хэрэглээ нь эрс хязгаартай. Тиймээс гинжит хүнд техникийг гал унтраахад ашиглах ёстой аж.

Хойд хөршид БХЯ-ны хэрэглээнээс гарсан хуягт техникийг гал түймэртэй тэмцэхэд зориулан тоноглож ашигладаг байна. Хэр баргийн хүн гал сөнөөгч болдоггүй гэдэг. Бие бялдрын бэлтгэл, сэтгэл санааны хувьд тогтвортой, зоригтой хүн л энэ салбарт ажилладаг. Украинд ажилласан жил, албан тушаал, ур чадвараасаа хамаарч гал сөнөөгч жилд дунджаар 6650 гривений цалинтай.

Үүн дээр ажлын амжилтын шагнал авдаг. Мөн ганц бие бол нийтийн, гэр бүлтэй бол албаны байранд үнэ төлбөргүй амьдарна. Хүн бүр ийм хөнгөлөлт эдлэх боломжгүй ч үлдсэн нь орон сууцны төлбөрийн 50 хувийн хөнгөлөлт эдэлдэг юм байна.

Орон сууц авах ээлж, эмнэлгийн үйлчилгээнд ч гал сөнөөгч хөнгөлөлт авдаг. Гал сөнөөгчид ОХУ-д жилд дунджаар 16.600 рубль, Казахстанд 80.500 тенге, АНУ-д 44.260 долларын цалинтай аж.

Эх сурвалж: Өнөөдөр сонин 2017.06.22

Ч.Болортуяа