Монгол Улсын арслан Л.Сосорбарам: Намайг “Гамшгийн багш” явж байна гэх. Түүнд нь би их дургүй…

0

Энэ удаагийн “Онцлох зочин” буландаа Монгол Улсын арслан Лувсанчимэдийн Сосорбарамыг урилаа.

Ардын төрийн Үндэсний их баяр наадамд 1959 онд 22 настайдаа улсын начин цолыг, Монголын залуучууд оюутны анхдугаар их наадмаар улсын заан цолтой нь нэг өдөр хэдхэн цагийн зайтайгаар авч цолны өндөр босгыг зад гишгэсэн ховорхон бөх тэрбээр  1963 онд МБАТ-ний хоёрдугаар спартакиадаар 30 бөхийн тойргийн барилдаанд ганц ч өвдөг шороодолгүй түрүүлж улсын арслан цол хүртэж байжээ.

Түүнчлэн Үндэсний их баяр наадамд 16 удаа шөвгөрч байсан Үндэсний бөхийн улсын шүүгч. Бөхийн чөлөөт, самбо, жудогийн төрлөөр Олон улсын  болон өөрийн орны уралдаан тэмцээнүүдэд олонтаа оролцож аваргын алт болон мөнгө, хүрэл зэрэг 20 гаруй медаль хүртсэн спортын мастер цолтой, Монгол Улсын гавъяат багш гэдгийг нь бөх сонирхогч түмэн андахгүй мэдэх биз ээ.

Мөн тэрбээр Улсын иргэний хамгаалалтын салбарт 40 гаруй жил ажилласан, дэд хурандаа юм. Тиймээс бид энэ удаа ХААИС-ийн Иргэний хамгаалалтын багшаар ахлах дэслэгчээс дэд хурандаа болтлоо ажилласан түүнтэй энэ чиглэлээр түлхүү хөөрөлдөхийг хичээлээ.

-Тантай үндэсний бөхийн чиглэлээр ярилцсан олон сайхан ярилцлагууд бий. Харин бид энэ удаа Иргэний хамгаалалтын багш мэргэжлийн чинь талаар тантай түлхүү ярилцахыг зорьж ирсэн юм?

– Тэр бололгүй яахав. 1958 онд Хөдөө аж ахуйн дээд сургууль МУИС-иас өрх тусгаарлаж, тусдаа сургууль болон анхны элсэлтээ авсан юм. Тэр жил би Төв аймгийн 10 жилийн сургуулийг төгсөөд Хөдөө аж ахуйн дээд сургуулийн анхны оюутнуудын нэг болж байлаа. Ингээд таван жил суралцаад малын их эмч мэргэжлээр сургуулиа төгссөөд, хөдөө явж ажиллахаар Төв аймгийн Баян суманд очиж ажиллая гэсэн санал өгсөн юм. Гэтэл намайг хөдөө явуулалгүй сургуульдаа багшаар авч үлдсэн дээ. Энд нэг чамин юм бий.

Би 1958 оны зургадугаар сарын 22-ны өдөр оюутан болохоор анх сургуулийнхаа хаалгыг татан орж байсан юм. Тэгтэл яг тэр өдрөө буюу 1963 оны зургадугаар сарын 22-ны өдөр багш болон сургуульдаа эргээд ирж байлаа. Сонин байгаа биз.

Ингэж сургуульдаа багшаар үлдсэн би 1972 он хүртэл нарийн мэргэжлийн хичээл зааж байгаад 1973 онд Иргэний хамгаалалтын курст нэг багш явуулах шаардлагатай гэж дээрээс чиглэл ирсний дагуу тус курст явснаар Иргэний хамгаалалтын багш болсон доо.

-1973 он гэхээр та Улсын арслан цолыг авчихсан байж. Тэгэхээр спортын хүн болохоор чинь таныг Иргэний хамгаалалтын курст явуулахаар болов уу. Эсвэл өөр учир шалтгаан байв уу?

-Анх манай сургууль чинь их тарчигхан байгуулагдаж байлаа шүү дээ. Цагийн голдуу 30-аад багштай, 400 гаруй оюутантай. Харин би сургуулийнхаа үндсэн багш байсан юм. Тиймээс үндсэн хүнээ давхар мэргэжил эзэмшүүлье гэсэн юм шиг байгаа юм. Цаанаасаа ч хувирч өөрчлөгдөхгүй хүн өгөөрэй гэсэн болов уу гэж санадаг юм. Тэгээд л сургуулийн референт “Чамаас өөр явуулах хүн алга. Чамайг явуулах хүсэлтэй байна” гэсний дагуу явсан даа.

Тухайн үед манай сургууль чинь гурван газрын удирдлагатай байлаа шүү дээ /инээв/. Мэргэжил, мэргэшлийн хувьд Хөдөө аж ахуйн яаманд, сургуулийн хувиар Боловсролын яаманд харьяалагдана. Дээрээс нь миний заадаг хичээл Иргэний хамгаалалтын газар харьяалагдана. Би чинь ийм гурван удирдлагатай ажиллаж, ахлах дэслэгчээс дэд хурандаа хүртлээ Иргэний хамгаалалтын хичээл заасан даа.

-Анх Иргэний хамгаалалтын курст очиход ямар санагдаж байв?

-Москвад 10 сар офицерийн дээд курст суралцсан. Тэнд их юм сурсан. Миний хувьд хэл муутай, дээрээс нь цэрэгт яваагүй болохоор цэргийн дүрэм журамд маруухан. Энгийн хүн цэргийн газар байх их хэцүү. Нэгийгээ зусардаад ч байгаа юм шиг, тэгье, ингэе гэж гүйгээд л… Энгийн бидэн шиг зүгээр ингээд ярихгүй. Дандаа л цэнэсэн, бэргэсэн байдалтай харагдана. Анхандаа ингэж л санагддаг байлаа. Сүүлдээ сурчихдаг юм билээ.

-Тэгээд төгсч ирээд цолоо авав уу?

-Тэгсэн. Тухайн үед Иргэний хамгаалалтын газрын дарга нь Жамьян генерал байлаа. Бас бөхийн холбооны дарга байсан юм. Тэгээд намайг курсээ төгсөөд ирэхэд Сосорбарам арслан төгсөөд ирлээ, ямар цол өгөх вэ гэж нэлээд яриа болсон гэдэг. Тэгээд их сургуулийн багш болохоор нь тэгсэн үү ахлах дэслэгч цол өгсөн юм. Уг нь ном дүрмээрээ бол дэслэгч цол өгөх ёстой юм. Ингээд л ажиллаж эхэлсэн. Хоёр жилийн дараа ахмад болсон. Би ажлын хувьд жаахан гайгүй. Дадлага сургууль шалгаруулахад эхний гуравт л орно. Тийм болохоор дандаа хугацаанаас өмнө цолоо нэмдэг байлаа.

Харин нэг үе их, дээд сургуулиудад Иргэний хамгаалалтын хичээл заахаа болиход жил гаруй өөр танхимд ажилласан. Тэгээд их, дээд сургуулиудад эргээд иргэний хамгаалалтын хичээл орохоор болоход би мөн л Иргэний хамгаалалтын багшаараа ажиллах болсон. Гэхдээ тэр үед хичээлийн маань нэр өөрчлөгдөөд Гамшгаас хамгаалах менежментийн хичээл нэртэй болсон. Тэгсэн чинь хүмүүс “Гамшгийн хичээл”, Гамшгийн багш явж байна гээд байдаг. Түүнд нь би их дургүй. Гамшгийн багш гэхээр би чинь гамшиг тарьдаг хүн болчихно биз дээ. Уг нь бол Гамшгаас хамгаалах менежментийн талаар заагаад байгаа юм ш дээ гэдэг байлаа. Энэ хичээлийг би тэтгэвэрт гарахаасаа өмнө 17 жил, тэтгэвэрт гарснаасаа хойш 23 жил заасан байна.

-Тухайн үеийн их, дээд сургуулиуд бүгд л Иргэний хамгаалалтын багштай, дадлага сургуулийг ч их хийдэг байж дээ?

-Тийм шүү. Их дээд сургуулиудад Цэрэг, иргэний хамгаалалтын танхим гэж байлаа. Тэнд эрчүүдийг нь ар талын офифер болгож төгсгөдөг, эмэгтэйчүүдийг нь дайны үеийн сувилагч болгож төгсгөдөг байлаа. Анхны тусламжийн бүх л хичээлийг заана. Долоо хоногийн хээрийн сургуулилт хийнэ. Төгссөн хүүхдүүд маань тэр дадлага сургууль их гоё шүү, их ч хөглөдөг байлаа гэж ярьдаг юм. Ер нь Иргэний хамгаалалтын сургууль их өгөөжтэй л дөө.

Иргэний хамгаалалтын сургуулилт таван янз байдаг юм. Нэгдүгээрт нь, штабын дадлага гэж бий. Албан газар бүр 9-13 хүнтэй штабтай байна. Тэгээд удирдлагын штабын дадлага сургууль гэж хийнэ. Дараа нь тактик, тусгай бэлтгэлийн сургууль гэж бий. Энэ нь мэргэжлийн ангиудын дунд явагдана. Мөн их бүрэн сургууль гэж явуулна. Хөдөө аж ахуйн салбар маань манай орны тулгуур салбарын хувьд энэ бүгдэд бид идэвх, рольтой оролцдог байлаа шүү дээ. Би нэг инээдэмтэй юм ярих уу.

-Тэг л дээ?

-Иргэний хамгаалалтын газар сурталчилгаа, мэдээллийн хэлтэстэй байсан юм. Тэндээ сурвалжлагчтай. Тэр сурвалжлагч нь нэг өдөр та хөдөө аж ахуйн мэргэжлийн хүн юм гэсэн, таниас хэдэн юм асууя гээд ирдэг юм байна. Хөөрхий минь, хөдөө өсөөгүй хүүхэд болохоор мал аж ахуйн талаар мэдэхгүй юм. Тэгээд л би тайлбарлаж яриад л, өнөөх маань лавлаж асуугаад сүрхий байж байснаа би “Энэ монгол мал гэдэг чинь газар нутагтайгаа их зохицсон амьтан. Үс, ноос, бие бялдар, идэж уудаг нь ч байгальтайгаа их сайн дасан зохицсон юм шүү дээ. Ядахдаа л хонь эхээс гарахдаа нүдний шилтэйгээ төрдөг юм” гэчихсэн чинь өнөө хүүхэд чинь их цочоод, нүдний шил зүүчихсэн гардаг юм бодоод…/инээв/. Угтаа бол хар нүдэн, бор нүдэн, хар түрүүтэй, бор түрүүтэй байна гэдэг чинь хамгаалалт байхгүй юү. Хундан хонь бол цаснаар нүд нь өвдчих гээд байдаг. Үүнийг л би хэлсэн хэрэг. Гэхдээ сонин дээр гаргахдаа хөөрхөн тайлбар хийгээд гаргачихсан байсан. Иймэрхүү зүйл оюутнуудад би их ярина. Шавь нар маань төгссөнийхөө дараа Сосорбарам багш их амьдралтай зүйл ярьдаг байжээ гэдэг юм.

 

-Ингэхэд 40 гаруй жил Иргэний хамгаалалтын “цэрэг” явснаа та нэг их ярьж байгаагүй байх аа?

-Цэрэгт яваагүй ч хувцсыг нь дэд хурандаа болтлоо өмссөн шүү. Цэрэг их сайхан шүү. Хүнийг хүмүүжүүлнэ. Эмх цэгцтэй болгоно. Энгийн хүн анхлаад цэргийн хувцас өмсөхөд их эвгүй л байдаг юм. Сүүлдээ сурчихаар хувцас хүртэл элбэгдээд байгаа юм шиг үлхэх, сүлхэг гээд л… Тэгээд барилддаг хүн чинь дээл хувцас нь ч их бүдүүлэг, том яваа ш дээ. Гэтэл цэргийн хүн болсноор эмх цэгцтэй, хүнтэй ярьж хөөрөх нь хүртэл өөр болдог.

Би ангийн дарга олон жил хийсэн хүн. Тэгээд дээш дарга болгохгүй болохоор нь цэргийн дарга болох гэж форм өмссөн хүн /хошигнов/.

-Таныг ид багшилж байх үед Иргэний хамгаалалтын сургууль бактерлогийн зэвсгээс хамгаалах чиглэлээр л хийгддэг байсан гэдэг байх аа?

-Тухайн үеийн Иргэний хамгаалалтын газар дайны болон тайван цагт ард иргэдээ хамгаалах үүрэгтэй байлаа. Тиймээс дайны үед хүүхэд, эмэгтэйчүүдээ хамгаалах, өөртөө тусламж үзүүлэх, бусдад тусламж үзүүлэх бүхий л аргад суралцдаг байлаа. Улс орнуудын зэвсэглэлийн талаар хичээл үзнэ. Энэ нь нууцлалтай. Оюутнууд хичээлээ биччихээд дэвтрээ хураалгадаг, хичээл хийх үедээ л авч хэрэглэдэг байлаа. Их, дээд сургуулиуд оюутнуудыг Иргэний хамгаалалтын хоёр чиглэлээр сургаж төгсгөнө. Нэгт, хөдөө орон нутагт очоод Иргэний хамгаалалтын сургууль, тэр чиглэлийн бусад асуудлыг удирдах чадалтай болгох, хоёрт бусдад зааж сургах чадвартай болгож  төгсгөдөг байсан юм.

-Таныг дадлага сургуульд хэр их оролцож байв гэж асуух илүүц биз. Харин яг ажиллагаанд оролцож байв уу?

-Би чинь хоёр удаа сургуулиа аюулаас аварсан түүхтэй. Бидний үед их субботник хийдэг байлаа. Тэгээд би суботникоор сургуульдаа штабын байр бариулж байсан юм. Тэгтэл манай сургуулийн хариуцсан Зайсангийн аманд түймэр гараад, суботник хийж байсан хүүхдүүдтэйгээ очиж нүдэж байж унтраасан. Тэгж нэг сайшаагдаж, сургуулиа нэг аварсан юм. Дараа нь 1982 онд Бага тэнгэрийн амны наад талд бас түймэр гараад, түүнийг мөн унтраагаад гурав хоног манаж байлаа, сургуулийнхаа байрны оюутнуудтай.

Бас сургууль дээр хоёр дахин түймэр гарахад би хэдэн хүүхэддээ галын хувцас өмсгөөд, гал команд ирэхээс өмнө унтраалгаж байлаа. Тэгээд мөн сайшаагдаж, 10000 төгрөгөөр шагнуулж байсан юм. Тухайн үедээ л их мөнгө байлаа.

Энэ мэтчилэнгээр иргэний хамгаалалтын талаар суралцах амьдралд их хэрэгтэй шүү.

-Та ер нь хэр хатуу багш вэ?

-Хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн. Шавь нар маань намайг энгийн үед хатуу, шалгалтын үед зөөлөн багш гэж бичсэн байсан.

-Үндэсний их баяр наадам бараг хаяанд ирчихээд байна. Ийм үед тантай уулзчихаад бөхийн хууч яриулахгүй бол ярилцлага арай дутуу болчих байх. Та сургуульдаа Иргэний хамгаалалтын багш хийхээс гадна дөч гаруй жил бөхийн дасгалжуулагчаар ажиллаж, олон бөх төрүүлсэн. Шавь нарынхаа талаар ярихгүй юү? 

-Намайг улсын наадамд зодоглож өсөх ирээдүйтэй залуу бөх гэгдэж эхэлсэн 1950- аад оны сүүлч, 1960-аад онд үндэсний бөхийн дасгалжуулагч гэж байгаагүй юм. Улсын арслан Чойжилсүрэн бид хоёр ХААДС-д нэг жил элссэн үеийн оюутнууд болохоор сав л хийвэл хоорондоо барилдаж, бие биеэ дасгалжуулдаг байлаа. Улсын арслан У.Мижиддорж ч бид хоёртой барилдаж, бэлтгэл хийдэг байв. Бид гурав хэн хэнээ дасгалжуулж, улсын арслан болцгоосон юм.

Тухайн үед манай ХААДС бөхөөрөө алдартай байлаа. ХААДС- ийн ректороор тасралтгүй 26 жил ажилласан профессор Ц.Жамъянжав бөхийн шинжийг гойд сайн мэддэг, бөхөд хачин их хайртай. Жа багш бөх болох ирээдүйтэй олон зуун хүүхэд сургуульдаа элсүүлэн сургаж, тал бүрээр дэмжиж, улсын цолтой олон бөх төрүүлсэн дээ.

Манай сургуулиас надаас гадна Чойжилсүрэн, У.Мижиддорж, М.Мөнгөн, Ж.Хайдав нар улсын арслан, Амгаа, Д.Дүвчин, Ишгэн, Мягмар нар улсын заан, О.Бахыт улсын харцага, Жанчивдорж, Чулуун, Гомбосүрэн, Р.Лхагвасүрэн, Ч.Батбаатар, Х.Түвшинсанаа, Г.Эрдэнэбат, П.Эрдэнэбаяр, Ю.Батаа, С.Дангаасүрэн, С.Нямжав нар улсын начин цол хүртэж, сургуулийнхаа нэрийг өндөрт өргөж, ард түмнийхээ хайр талархал хүлээж байлаа.

Харин миний шавь нараас З.Дүвчин, О.Бахыт нар гавьяат болж, Цэнгэнбаяр, Зоригоо нар дэлхийн аваргаас мөнгөн медаль авч энгэрээ мялааж, зургаан шавь минь олон улсын хэмжээний мастер болсон юм. Үндэсний бөхийн мэх зааж дасгалжуулж байсан 25 шавь минь аймгийн арслан, 106 залуу аймгийн заан, начин цолтон боллоо. Сумын заан шавь хэдэн зуу бий.

-Таны хувьд хэр багаасаа барилдаж эхэлсэн бэ?

-Өө хүүхэд байхын л барилдах дуртай байсан. Бүтэн дээлтэй явна гэж байдаггүй байлаа. Зургадугаар ангид байхдаа сумын наадамд дөрөвт үлдэж, хоёр жилийн дараа наймдугаар ангид байхдаа сумын наадамд түрүүлж байлаа.

-Дасгалжуулагчгүй учир бие биеэсээ л суралцдаг байлаа гэж та нэг ярилцлагаа ярьсан байсан?

– Тийм шүү.  Хүнийг харж байгаад мэх сурч авна. Тэрийгээ олон дахин сургуулилаад байвал мэх нь бяр хөдөлгөөнд таарч, гарт орж ирдэг. Элдэв бусын мэх хийгээд, унах давахын алийг тэр гэхэв. Тэгж байгаад өөрийн хурд хүч, бие чацанд таарч тохирсон, гаршиж дадсан мэхтэй болдог.

Миний дархан мэхийг хүмүүс янз бүрээр л нэрлэдэг юм. Зарим нь эгэм тахим, зарим нь хайч ч гэдэг. Золгонгуутаа урагшаа хөнтөрснөө эргээд хонгоддог. Хөнтрөөд унахгүй тогтчих юм бол хонгодоод ар тийш нь дарчихдаг юм. Угсраа мэх юмуу даа.

Эгэм тахим гар урттай цээжиндээ бяртай надад таарсан мэх юм даа. Би мэхээ хүнээс нууж хаагаад байдаггүй, цөмд нь заадаг ч сурдаг хүүхэд байдаггүй юм. Ё.Ишгэн заанд заахад гайгүй сурсан. Заримдаа мань хүн хэт дайраад өөрөө дээгүүр нь даваад явчихаж байгаа харагдаж байдаг байсан. Д.Намжилдорж харцагад бас заасан. Гэхдээ тэд яг адилхан хийдэггүй, гишгэдэг энэ тэр нь их өөр болгож эзэмшсэн байдаг юм. Тэр нь өөрийнхөө биеийн онцлог, хүч бярандаа тааруулж байгаа хэрэг юм л даа.

-Харин таныг гар мэхтэй учраас гутланд их гамтай байсан гэдэг биз?

-.Дархан мэх гэдэг хүний амжилт гаргах үндэс байгаа юм. Дархан мэхгүй хүн  тохиолдлоор л хаядаггүй юм бол ойчсоор байгаад таарна шүү дээ. Миний үед дархан мэхтэй хүн их олон байлаа. Тухайлбал, “өмсдөг” С.Дамдиндорж гэж улсын заан, дүүгүүр Гомбосүрэн гэж улсын начин, Т.Зундуй гээд дархан мэхтэй улсууд их байлаа. Миний хувьд дархан мэхсээд байх юм юу байхав. Хүн залуудаа нэг мэх сураад жаал хэрэглэж байгаад нэг мэдэхэд алга болчихсон байдаг юм.

Надад нэлээд сайн тогтоод байсан мэх бол голдуу гар мэх байдаг. Би ер нь хөл мэх муутай, бараг хийдэггүй шахуу. Ямар сайндаа манай ХААИС-ийг төгссөн Мягмар заан “Багш аа, та ер нь хэдэн гутал элээсэн бэ” гэж надаас асуудаг юм байна. “Би 1959 оноос хойш хар, улаан хоёр гутал ээлжилж өмсөөд, одоо байж л байна. Улааныг нь дөрвөн удаа уллуулчихсан байна” гэсэн чинь “Та ч хүний өөдөөс ямар хөл өргөх юм биш, тэгнэ л дээ” гэж билээ. /инээв/ Өөрөө дөрвөн гутал юу ч үгүй элээгээд, акталчихсан гэж байгаа.

-“Дүүгүүр” Гомбосүрэн гэдэг чинь “Хэлсэн ч хэлээгүй ч дүүгүүрдэнэ” гээд таныг дүүгүүрдээд шиддэг бөх мөн биз дээ?

-Мөн мөн. Булганы “дүүгүүр” Гомбосүрэн бол бас л лут бөх. Манайхны хэлдгээр тийм ч амар боорцог байгаагүй. Далаад оны нэгэн барилдаанд бид хоёр хүч үзэж байтал үзэгчид “Сосорбарам аа, наадах чинь дүүгүүрдэнэ шүү” гээд орилолдож бай­на. Тэгтэл мань эр “Та бүх­нийг хэлсэн ч, хэлээгүй ч дүүгүүрдэнэ ээ” гээд хэд хүчтэй эргүүлж байгаад үзэгчид рүү шидчихсэн сэн. Тэр үед хоёр хөл эмнэг адууных шиг байж дээ. Дөрвөн хөллөөд буусан санагдана. Харин толгой жаахан эргэж байлаа Гомбосүрэн начин тийм л аатай барилддаг бөх байсан.

Ер нь жараад оны наадмын бөхийн барилдаан гэдэг чинь одоо бодоход зүрх үхмээр болдог байжээ. Түвдэндорж, Батсуурь аваргууд хараахан хариагүй ид л байсан үе. Дамдин аварга ёстой л нөгөө “гарлаа, өрлөө, давлаа” гэдгээ дуудуулж байсан. За тэгээд “Хоёр Мөнх” аймаар амьтад байна. Цэрэн, Бээжин гэж уран барилдаант аваргууд байна. Тэдэнтэй зэрэгцээд Жамъяндорж, Мижиддорж, Чойжилсүрэн, Эрдэнэ-Очир, Дэмүүл, П.Дагвасүрэн, Ж.Хайдав, У.Пүрэв, Т.Зундуй гээд яралзсан амьтад байлаа. Тэдний дундаас дээшээ гарч ирэх үнэндээ амаргүй. “Тэмээ өргөдөг”-ийг зааланд дэвээд гарахад шал дүн дүнхийгээд байдаг сан. Манайхны хэн нь ч гэсэн Жамьяндоржийг хав бариад дэгээ орооно. Тэгэхэд дэгээ ороосон хөлийг нь мулт татаад өөр дээрээ аваад ирнэ. Гэхдээ түүнд Дамдин аваргаас илүү бяр байгаагүй юм шүү. Дамдин гуайтай золгоход хад чулуу мөргөж байгаа юм шиг аймаар. Дамдин аваргатай би улсын наадамд таарч барилдаагүй юм. Аварга намайг амлаж байгаагүй хэрэг л дээ. Заал танхимд бол олон барилдсан.

 

Дэмүүл маань Өмнөговийн бөхчүүдээ “ЗИЛ-130”-ийнхаа тэвшин дээр ачаад л ирнэ. Их хурц, бэлэн цэцэн үгтэй хүн байв. Бид хоёр барилдаад будилсан удаа бий. Гэхдээ Дэмүүл түүнд огт юм бодохгүй. “Бид хоёр зүг нэг, муу шар толгойт минь” гээд над их сайн байж билээ, зайлуул. Наадамд ирж буцахдаа манай Бараатыг дайрдаг хэрэг л дээ. Нэг удаа заалны барилдаанд Дэмүүл бид хоёр будиллаа. Шүүгч Дэмүүлд “Чи унасан” гэчихэж.Мань эр уурлаад “Хотынхонд дээрэлхүүлэхгүй” гээд л сүйд. Тэгээд дахиж барилдлаа. Би давчихлаа. Гэтэл нөгөө шүүгч чинь “Одоо болов уу, унав уу” гээд асуучихлаа. Манай хүн “уналаа” гээд алгадчихдаг юм. Цагдаа сэргийлэх дуудах юм боллоо. Гэтэл Дэмүүл гэнэт татаад уначихсан. Тэгээдцагдаагийн машинаар эмнэлэг рүү явж байлаа шүү дээ. Болохоо болилоо гэж мэдээд зальдаж байхгүй юу. Тийм л сийрэг толгойтой, гүйлгээ ухаантай хүн байж билээ.

“Хоёр Мөнх” гэж тэр аймаар амьтдыг таныг л айлгадаг байсан гэдэг юм билээ?

– Ах нь ид байхдаа “хоёр Мөнх”-тэй олон барилдаж хаяж бас унаж явлаа. Би Монголын ард түмний анхдугаар спартакиадын үндэсний бөхийн барилдаанд үзүүрлэж, улсын заан цол, мөнгөн медалиар шагнуулж билээ. 1962 онд үндэсний бөхийн улсын аваргад түрүүлж, Ж.Мөнхбат аварга надад унаж, хоёрдугаар байрт орж байлаа.

1963 онд Монголын бүх ард түмний хоёрдугаар спартакиадад уналгүй түрүүлж, улсын арслан цол хүртэж, Х.Баянмөнх хоёр дугаар байранд орж, заан цол авч байв. Тухайн үед “хоёр Мөнх”-ийн зүрхэнд шар ус хуруулж явж дээ.

1960-аад оны эхээр санагдана. Улсын наадмын наймын даваанд Ж.Мөнхбаттай таарлаа. Тэгсэн Мөөеө гарч ирчихээд хоёр гуяа байн, байн алгадаад, дэвхцээд байна. Намайг сүрдүүлж байна л гэж бодлоо. Тэр барилдаанд Мөөеө намайг давсан юм. Хожим учрыг нь асуухнаа нь “Танаас айгаад гуя чичрээд болдоггүй ээ. Түүнийгээ мэдэгдэхгүй гэж гуяа дахин, дахин алгадаж, айдсаа үргээж байсан юм” гээд инээж билээ. Баянаа ч дархан аварга болоогүй байхдаа надаас жийрхдэг байсан гэвэл одоогийн залуус итгэхгүй биз. Хоёр аваргын зүрхэнд шар ус хурааж явсныг мэдэх ахмад бөх олон бий дээ. Хоёр аварга ч худлаа гэхгүй байх.

Ингээд яриад байвал бид хоёрын яриа мөддөө дуусахгүй байх шүү.

 

Ийнхүү бидний яриа өндөрлөлөө. Үнэндээ өвгөн арслантай хуучлаад суугаад байвал сонины маань хэмжээтэй зай талбай хэдэнтээ багадах биз ээ.