Сибирийн олон улсын хамтын ажиллагааны ассоцацийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

0

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал өнөөдөр ОХУ-ын Сибирийн олон улсын хамтын ажиллагааны ассоцацийн ерөнхийлөгч П.В.Островерхов, дэд ерөнхийлөгч Г.А.Конева, төслийн менежер А.Е.Сухоруков нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Сибирийн олон улсын хамтын ажиллагааны ассоцацийн ерөнхийлөгч П.В.Островерхов “Манай хоёр улс олон талаар хамтран ажилладаг. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хоёр орны Засгийн газар хоорондын 19 дүгээр комиссын хуралдаанаар ОХУ-д Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх талаар ярилцаж байсан. Гэхдээ Монгол оронд малын өвчлөл их байгаа нь хүндрэл учруулж байгаа. Тиймээс бид малын гоц халдварт өвчний тархалтын үед сэг зэмийг ямар нэгэн үлдэгдэлгүй, байгаль орчинд халгүйгээр устгаж болох шинэ технологийг судалсан юм” гэв.

Ингээд малын гоц халдварт өвчний тархалтын үед малын сэг зэмийг устгахад тохиромжтой “Крематор” шатаах зуухыг танилцууллаа.

Энэхүү зуух нь нэг удаадаа 790 кг сэг зэмийг бүрэн шатааж устгах хүчин чадалтай, угсарч суурилуулахад хялбар, хамгийн гол нь зөөвөрлөн явах боломжтой гэдгээрээ давуу талтай аж.

Танилцуулгын дараа ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал “Манай орны хувьд малын гоц халдварт өвчний үед сэг зэмийг газарт булж устгал хийж байгаа. Устгал хийхэд гаргах зардал нь адилхан учир бид аль болох байгаль орчинд халгүй аргыг сонгохыг чухалчилна. Тиймээс та бүхний танилцуулж байгаа энэхүү шатаах зуухыг сонирхож байна. Гэхдээ монголын нөхцөлд тохиромжтой хэлбэрээр зарим нэг өөрчлөлтийг хийх хэрэгтэй санагдаж байна. Энэ бүхнийг хийж болох эсэхийг та бүхэн ярилцаарай. Миний хувьд холбогдох мэргэжлийн хүмүүстэйгээ энэ талаар зөвшилцөх болно” гэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.