С.Батдалай: Тэр цагаас хойш амьдралд улам хайртай болсон

0

~~~~~“Аврагч хүн гэдэг бол аюулаас зугтаж буй хүмүүстэй зөрж ороод аюултай нүүр тулдаг хүнийг хэлнэ” гэж нэгэн аврагч өөрийнхөө ажлын тухай тодорхойлолтыг хэлж байсан юм. Үнэхээр ч тийм. “Амь авраарай” гээд уйлан хайлан гарч ирэх хүмүүсийн өөдөөс “амиа алдсан ч дүүрч” гээд малгай дээрх соёмбодоо залбиран, гамшигтай тулалдагсад бол тэд.
Уран зохиолын ном, кинон дээрээс л хардаг итгэмээргүй, адал явдалтай, амь тэмцсэн олон дуудлагын түүх тэднийх. “Онцгой мэдээ сонин” энэ удаагийн дугаартаа сэтгэл эмзэглүүлмээр нэгэн дуудлагыг онцолж байна. Гэвч бид өнгөрснийг сөхөж, хэн нэгний мартах гэж хичээж буй хөндүүр сэдвийг сэдрээх гэсэнгүй. Чухамхүү аврагч хүн гэж хэн бэ? Тэд юуны төлөө юутай нүүр тулж, ямар эрсдэл үүрдэг талаар ард иргэд болоод залуу аврагчиддаа таньж мэдүүлэхийг хүслээ. Ингээд Аврах тусгай ангийн эрэн хайх аврах салбарын I бүлгийн дарга С.Батдалайтай ярилцлаа. ~~~~~

-Арвагчийн хөрөг булангийн “Онцлох дуудлага” хэсэгт таныг урьсан нь учиртай. Таны хувьд ярьмааргүй сэдэв байж болох юм. Эсвэл эсрэгээрээ ярьмаар, бусдад санаа сэдэл өгмөөр сэдвийн нэг ч байж болох юм. “Онцлох дуудлага” гэхээр таны санаанд олон л дуудлага бууж байгаа байх. Тэр дундаас Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар гарсан тэр дуудлагын талаар ярих гэсэн юм. Та энэ тухай ярихад дургүйцэхгүй биз дээ?
-Юуны өмнө танай сониноор дамжуулан нийт албан хаагчдынхаа амрыг эрье. Тэр дуудлагын талаар бодож, заримдаа жаахан бодолд автдаг юм. Олон сайхан аврагч өргөсөн тангарагтаа үнэнч байсаар буцсан. Тэр үед би Аврах тусгай ангийн Агаар десантын отрядын шүхрийн зааварлагч, бүлгийн дарга байсан. Бид үүрэг аваад ой, хээрийн түймэр унтраахаар Сэлэнгэ аймгийг зорьсон. Нисдэг тэрэг унахад би ухаан алдсан байсан. Сэрэхэд ёстой аймшигтай дүр зураг нүдэнд харагдсан. Нийт 22 албан хаагчаас 15 нь бурханы оронд очиж, долоо нь амьд үлдсэн. 96 цаг үхэл амьдралын зааг дээр байсан. 4-5 метр газар мөлхөхийн тулд 4-5 цаг зарцуулж байсан. Энд тэндгүй хүмүүс ёолж орилж байв. Бүгд маш хүнд гэмтэлтэй байсан. Биднийг хайж байсан онгоц хэд хэдэн удаа дээгүүр өнгөрсөн. Тийм том тайгад онгоцыг олно гэдэг өвсөн дундаас зүү хайхтай адил л даа. Онгоцны хувьд гурав дөрвөн талаасаа зад үсэрч базсан лааз шиг л болчихсон байсан. Босоогоороо явахад жаахан зай үлддэг байсан онгоц шалнаасаа тааз хүртэл метр хүрэхгүй зай үлдсэн байсан.
-Нүд халтирам дүр зураг бууж байна. Тухайн үед та юу гэж бодсон бэ?
-Хүний амь бол маш үнэтэй. Гэхдээ явахдаа хүрвэл их хурдан хэдэн минут л хангалттай юм билээ. Тухайн үед би ганц бие байсан. Амьд мэнд гардаг юм бол бушуухан л хань ижил, үр хүүхэдтэй болъё гэж бодсон. Хүн яг үхэл амьдралын зааг дээр ирэхээрээ “Би юу хийж бүтээж амжлаа?” “Надаас үлдэх юу байгаа билээ” гэж өөрөөсөө их асуудаг юм билээ.


-Таныг би сэтгэл судлаач мэргэжилтэй гэж сонссон юм байна. Тэр хүнд хэцүү үед сэтгэлийн тэнхээтэй байхын тулд мэргэжлийн чинь ач тус их байсан байх даа?
-Тийм шүү. Тодорхой хэмжээгээр тус болсон. Өөрийгөө хянаж, сэтгэл санаагаа тайван байлгахад нөлөөлсөн. Бид маш хүнд бэртэлтэй, ясны хугаралтай өндөр халуунтай, өвчин намдаах ямар ч боломжгүй нөхцөлд ёолж орилж байлаа. Зарим нэг маань шууд газар дээрээ бурхан болсон. Үнэхээр дотор өмөрмөөр хүнд байсан даа. /санаа алдав/. Онгоцонд нэг маань хавчуулагдчихсан “туслаарай” гэж хашгирна. Нөгөөхдөө борооны ус аваачиж өгөх гэж 3-4 цаг мөлхөнө. Тэгээд бид арай гэж шүхрээ дэлгэж, шөнө нь нөмөрч, өдөр нь шүхэр дээрээ борооны ус тосч, амаа чийглэж байсан. Тайгад өдөр нь их халуун шөнө нь их хүйтэн байдаг юм билээ. Онгоц унаснаас хойш гурав хоногийн дараа бороо орсон. Эхний хэдэн өдөр уух усгүй, хэл ам хатаад үг яриа ойлгогдохоо больсон. Шингэн зүйл удаан уухгүй болохоор ёстой нөгөө хэл гозойно гэдэг нь болдог юм билээ. Ам зуураад дуу цаашаа ороод нэгийгээ юу хэлээд байгааг ч ойлгохоо больсон. Шингэнээ алдсан хүмүүс улам бүр тамирдаж, хэн хүнгүй биеийн байдал доройтож ирсэн. Аз болоход гурав дахь өдрийн орой бороо орж, шүхрэн дээрээ борооны ус тосч аваад уусан. Гэхдээ усыг удаан уухгүй болохоор ууж чаддаггүй юм билээ. Хахаж цацаад хэт хатсан болохоор хоолойгоор давахгүй байсан. Тэгээд амаа норгож, бага багаар дасгаж байгаад уусан. Ус ямар гоё амттай байсан гэж санана. Тэр жаахан борооны усаа өөрөөсөө хүртэл харамлаж уухаас хайран санагдаж билээ. Балгангуутаа залгихгүй амандаа нилээн байлгаж, усыг амталж, мэдэрч, ямар их үнэ цэнэтэй зүйл болохыг нь ухаарч байж ууна. Ус чандмань-эрдэнэ гэж яалт ч үгүй үнэн. Түүнээс ч илүү үнэ цэнэтэй. Бидний үхэл амьдрал устай салшгүй холбоотой.
Бид дэлгээстэй шүхэр дээрх жижиг жижиг тогтсон усыг суугаагаараа мөлхөж саванд хийж хурааж авсан. Маргааш нь онгоц дахиад л дээгүүр ниссэн. Бид дохио өгөхийн тулд шүхрээ улам бүр дэлгэж, утаа тавьсан. Гэтэл утаа нь хөрсөөрөө тараад дээшээ яваагүй. Тод өнгөтэй зүйлсээ ч ил гаргаж, бүх аргаа хэрэглэж дор бүрнээ залбирч байсан. Гэтэл онгоцны дуу холдоод явчихсан. Тэр үед бүх хүн найдлагаа алдаж “за ингээд л өнгөрлөө” гэж бодож, цөхрөнгөө барж, зарим нь итгэл найдвараа алдаж үхэлтэйгээ эвлэрч, гэрээслэл үлдээж, захиас захих гээд бичиг цаас хайж эхэлсэн. Б.Цогжаргал маань надад “хэрвээ чи амьд гарвал миний хоёр хүүхдийг миний өмнөөс үнсээрэй” гээд өмөлзөж байсан. Би үнсэж чадахгүй ээ. Тийм юм болохгүй. Хүүхдүүдээ чи өөрөө үнсэх болно гэж нэг нэгнийхээ урам зоригийг мохоохгүйн тулд хэлж байсан. Цогоо маань миний хэлснээр амьд үлдээд хүүхдүүдээ өөрөө үнссэн. Яг үнэндээ тэр үед надад ч гэсэн амьд үлдэх найдлагагүй юм шиг санагдаж байлаа. Тайга шөнөдөө их хүйтэн байсан болохоор их даарч, бид бүр осголтын зэрэгтэй эмнэлэгт ирж байсан.


-Тэгээд авралын нислэг хэзээ нь ирсэн юм бэ?
Тэр их сонин. Биднийг хайж байгаад холдоод явах үед бидний нэг Г.Бадамжунай “Миний хоёр хүүхдийн буян заяа түшээд өгөөч дээ” гээд газар шаагаад орилж байсан. Удалгүй онгоцны дуу ойртоод ирсэн. Сүүлд би бас нэг сураг сонсчихоод нэг хүнд жигтэйхэн их баярласан. Учир нь биднийг олсон тэр нислэг тэр хавтгай дээр хайх хамгийн сүүлийн нислэг байсан гэж сонссон. Тэнгэрийн улаачийн нисдэг тэрэгний нисгэгч н.Галбадрах дахин нэг нисээд үзье гээд хамгийн сүүлийн нислэгээ хийсэн байгаа юм. Тэгээд л биднийг олсон. Магадгүй тэр нислэг хийгдээгүй бол бид тэнд үүрд үлдэх байсан.
Зарим нь онгоцон дотроо хавчуулагдаад зарим нь гадаа шидэгдчихсэн тэр чигээрээ хорвоогоос буцах байлаа. Хоёр дахь амьдрал олгосон нисгэгч н.Галбадрах гэдэг хүнд нөхдийнхөө өмнөөөс баярлалаа гэж хэлмээр байна.
-Яг онгоц ойртоод ирэх тэр мөчид юу бодогдож байв?
-Онгоц ойртон ирж бидний дээгүүр гурав тойрсон. Биднийг олсноо мэдэгдээд онгоцноос нэг гар гарч ирээд далласан. Бид бүгд уйлалдаж, ямар ч байсан амьд мэнд гарах нь гэж баярлаж байсан. Хүн ер нь найз нөхөд, хамт олныхоо дэмжлэг тусаар амьдардаг гэж боддог. Хүн хүнээр дутна гэдэг хэцүү. Мөр зэрэгцэн явсан нөхдөө заримдаа их дурсдаг. Тэд минь тангарагтаа үнэнч байсаар, эх дэлхий байгалийнхаа төлөө явж байгаад амь эрсэдсэн. Гэхдээ үнэхээр хүчирхэг мундаг эрчүүд байсан.Тэдний маань гэгээн дурсгалд зориулсан гэрэлт хөшөө Аврах тусгай ангийн хашаанд байдаг. Мөн тэр өдрийг бид үргэлж дурсан санаж, тухайн өдөр шинээр албанд орсон хүмүүс тангарагаа өргөдөг болсон.
-Та одоо хэдэн хүүхэдтэй вэ?
-Би одоо эхнэр, хоёр хүүхдийнхээ хамт амьдардаг. Хүүхдүүддээ том болсон хойно нь ярьж өгвөл их л сонин түүх. Тэр явдлаас хойш би амьдралд их хайртай бас нухацтай хандаж, юм бүхний үнэ цэнийг ойлгож ухаарахыг хичээх болсон. Хүний амь нас гэдэг бол өчүүхэн юм билээ. Бас амьдралд талархаж амьдрах ёстой гэж боддог. Бидний алба бол бахархалтай бас эрсдэлтэй алба.
Гэсэн ч би албандаа хоёргүй сэтгэлээр зүтгэж, эх орон, ард иргэдийнхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэсээр энэ насыг элээх болно гэж боддог. Эх орныхоо төлөө зүтгэж амьдарна гэдэг бол бахархал юм. Мөн энэ дашрамд хэлэхэд төрүүлж өсгөсөн ээж аавдаа, ах эгчдээ, хайртай ханьдаа хүүхдүүддээ талархлаа илэрхийлье.

Л.МӨНХЧИМЭГ