Б.ЗОЛБОО: Токиогийн тэнгэрт төрийнхөө далбааг мандуулахыг хүсч байна

0

Б.ЦЭНД
Энэ удаагийн “Онцлох зочин” буландаа ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны тамирчин ОУХМ, дэд ахлагч Б.Золбоог урилаа. Спортоор хичээллээд есөн жил болж байгаа тэрбээр өдгөө дөнгөж 19 настай ч Монгол Улсын хүндийн өргөлтийн өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн рекордыг 32 удаа шинэчлэн тогтоосон түүхэн амжилтуудын эзэн юм. Ингээд түүнтэй хөөрөлдсөнөө толилуулья.
-Хүндийн өргөлт гэдэг тийм ч амар спорт биш шиг санагддаг. Тэр дундаа эмэгтэй хүнд. Ер нь яагаад энэ спортоор хичээллэхээр болсон юм бэ?

-Спортын хүн болно гэдэг багын минь мөрөөдөл байсан. Тэгээд хүсэл сонирхолдоо хөтлөгдөн хөнгөн атлетикийн спортоор хичээллэж эхэлсэн дээ. Хөнгөн атлетикийн тамирчин ч гэсэн хүчний бэлтгэл хийдэг юм. Хүндийн өргөлтийн зааланд энэ бэлтгэлээ хийдэг байлаа. Тэр үеэс л хүндийн өргөлтийн спортыг илүүтэй сонирхож, дурлах болсон.  Ер нь хөнгөн атлетикийн тамирчин хурд, хүч сайтай учраас  өөр төрлийн спорт руу хөрвөх боломжтой байдаг юм. 

-Хэдэн наснаасаа спортоор хичээллэж эхэлсэн бэ?

-Арван настайгаасаа эхлэн спортоор хичээллэсэн. Таван жил хөнгөн атлетикийн спортоор хичээллээд хүндийн өргөлт рүү урвачихсан. Хүндийн өргөлтөөр дөрвөн жил хичээллэж байна. Хүндийн өргөлтийн спортоор хичээллэснээс хойш 2014, 2015 оны  өсвөрийн, залуучуудын, насанд хүрэгчдийн улсын аваргаас тус бүр гурван алтан медаль хүртсэн. Харин улсын аваргын 2016 оны залуучуудын тэмцээнээс 3 алт, насанд хүрэгчдийн улсын аваргаас 2 алт,1 мөнгө,  Монголын бүх ард түмний спортын XIV  наадмаас нэг алтан медаль тус тус хүртэж, дээд амжилтын эзэн болсон. Спортын мастер зэргийг 2015 онд, олон улсын хэмжээний мастерын болзлыг 2016 онд хангасан. Харин тивийн болон дэлхийн тэмцээнээс дурдвал 2015 оны ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 6-р байр, 2016 оны залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 8-р байр эзэлсэн.

-Улсын рекордыг маш олон удаа шинэчлэн тогтоож байгаа гэдэг утгаараа Б.Золбоо олон хүний анхаарлыг татаад байгаа. Хэзээнээс эхлээд улсын рекорд амжилтыг хэчнээн удаа эвдчихээд байна вэ?

-2015 оноос хойш хоёр жилийн хугацаанд хүндийн өргөлтийн өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд өөрийн жин болох 48 килограммын жинд дээд амжилтыг шинэчлэн тогтоосон. Огцом өргөлтөөр 80 килограмм  өргөж, түлхэлтээр 100 килограммыг түлхэж байсан.  Нийтдээ энэ хугацаанд  Монгол Улсын хүндийн өргөлтийн  рекорд амжилтыг 32 удаа шинэчлэн тогтоосон байна. Одоо бол 53 килограммын жингийн тэмцээнд оролцохоор   бэлтгэл сургуулилтаа  хийж байгаа.

-Хэдийгээр өөрөө дурлаж энэ спортоор хичээллэж эхэлсэн ч шантрах үе гарна биз?

-Мэдээж шантрах тохиолдол зөндөө байсан. Гэхдээ өмнөө тавьсан зорилгоо биелүүлэхийн тулд өөрийн улс, тив, дэлхий, цаашлаад олимпт оролцож, амжилт гаргах хүсэл мөрөөдлийнхөө төлөө илүү ихээр хичээж хөдөлмөрлөх хэрэгтэй.  Надад зорилго байгаа учраас  шантарсан ч түүнийг даван туулах ёстой. Ингэж байж л би амжилтанд хүрнэ, мөрөөдлөө биелүүлнэ.

-Өөрийнхөө амжилтыг үе үе шинэчилж, ахиулж байгааг чинь юутай холбон тайлбарлаж болох вэ. Шургуу бэлтгэлийн үр дүн үү. Эсвэл жил ирэх тусам илүү техниктэй өргөж чадаад байна уу. Ер нь өдөрт хэдэн цагаар бэлтгэл хийдэг юм бэ?

-Хүндийн өргөлтийн спортод бярнаас илүү техник чухал. Энэ их баяртай хүүхэд учраас хүндийн өргөлтөөр хичээлүүлье гэсэн юм байхгүй. Өргөлтийн техникүүдийг маш сайн сурч байж өөрийгөө бэртээхгүйгээр хүнд зүйлийг өргөж чадна. Миний хувьд бэлтгэлдээ өдөрт дөрвөн цаг зарцуулдаг. Заримдаа найман цагаар бэлтгэл хийх тохиолдол ч гарна. Бэлтгэл дээрээ зөвхөн штанг өргөөд байхгүй. Бие галбираа өв тэгш хөгжүүлэх дасгалуудыг бас хийнэ. Тухайлбал, таталт, суулт, нурууны бөхийлт гээд бусад бүхий л дасгал сургуулилтыг хийж биеэ халаана. Харин бэлтгэлээ хийж дууссаны  дараа сайн унтаж, амрах хэрэгтэй байдаг.

-Бие бялдрын бэлтгэлээс гадна сэтгэлзүйн бэлтгэл бас чухал биз?

-Тэгэлгүй яахав. Сэтгэлзүйн хувьд маш өндөр бэлтгэлтэй байх ёстой. Хэдий бие бялдрын бэлтгэл сайн ч сэтгэлзүйн бэлтгэл муу бол амжилт гаргах боломжгүй шүү дээ. Тиймээс сэтгэл санаа тайван байх нь хамгийн чухал шүү.

-Анх энэ спортоор хичээллэж эхлэхэд гэр бүлийнхэн нь хэр хүлээж авсан бэ?

-Анх гэрийнхэн маань дургүйцдэг байсан. Харин сүүлийн үед миний хүсэл мөрөөдлийг ойлгож, дэмждэг болсон. Тамирчин хүнд гэр бүлийнхний дэмжлэг, туслалцаа маш чухал байдаг. Энэ дашрамд намайг үргэлж дэмждэг гэр бүлийнхэндээ баярлалаа гэж хэлмээр байна.

-“Шавийн эрдэм багшаас” гэж сайхан үг бий. Энэ их амжилтуудын цаана багшийн үүрэг их байх?

-Анх спортод хөл тавихад хөнгөн атлетикийн багш, Ард түмний гавьяат Б.Гунгаа багш маань их тусалж дэмжсэн. Харин хүндийн өргөлтийн техникийг зааж өгсөн багш бол н.Дөрвөлжин багш юм. Энэ хоёр багш маань хэдий бурхан болсон ч намайг энэ спортоор хичээллэж, амжилтанд хүрэхэд хамгийн их нөлөөлсөн учраас би үнэхээр их баярлаж явдаг. Одоо бол хүндийн өргөлтийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр багшийнхаа удирдлаганд бэлтгэл сургуулилт хийгээд дөрвөн жил болж байна.

-Тамирчин хүн нэг тэмцээнээс дуусгаад л дараагийн тэмцээний бэлтгэлд гардаг гэдэг. Одоо өөрийг тань ямар тэмцээнүүд хүлээж байгаа бол?

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх зургадугаар сард, Азийн аварга шалгаруулах тэмцээн долдугаар сард, мөн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн  арваннэгдүгээр  сард  болно.  Эдгээр тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байна. Хэрэв энэ тэмцээнүүдэд эхний зургаагаас наймдугаар байрт шалгарвал 2020 оны Токиогийн олимпод орох эрх авна. Гэхдээ манай спорт олимпод ганцаарчилж оролцдог ч оролцох эрхийг  багаараа амжилт гаргаж байж авдаг. Тиймээс дээрх тэмцээнүүдэд багаараа  амжилттай оролцож,  медаль авахын төлөө хичээнэ дээ.

-Таны хувьд “Аврагч” спорт хорооны тамирчин. Нэг үгээр бол “онцгой” тамирчин шүү дээ?

-Онцгой байдлын алба гэдэг энэ сайхан албаар овоглож, Аврагч спорт хорооны тамирчин гэгдэж яваадаа баярладаг. Албан хаагч бүр нь ард иргэдээ аливаа гамшиг ослоос авран хамгаалахын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэдэг буянтай, түшигтэй энэ албаны спорт хороонд харьяалагдаж, дэд ахлагч цолтой байна гэдэг олон давуу талыг надад олгодог. Би энэ л хамт олноосоо  итгэл, сэтгэлийн туслалцааг авч, түүнийхээ урам дэмээр тэмцээнүүдэд амжилт гаргахын төлөө хичээж хөдөлмөрлөдөг. Нэг үгээр бол миний амжилтын нэгэн баталгаа болж өгдөг.

-Тэмцээнд оролцоод ялалт байгуулах мөч хамгийн гайхалтай мэдрэмж биз?

-Тэр мөчид үгээр илэрхийлэх аргагүй тийм мэдрэмжийг авдаг. Спортоор хичээллэж, тамирчин алдрыг хүртсэний минь илэрхийлэл шүү дээ.

-Одоо “Токио-2020” олимпийн наадмын цикл эхэллээ. Токиогийн олимпийн наадамд оролцох зорилготой байгаа байх?

-Одоогийн хамгийн том зорилго маань Токиогийн Олимпийн наадамд оролцох. Тэгэхийн тулд өмнө нь олон тэмцээнд оролцож, эрх авах шаардлагатай байна. Олимпийн наадмаас медаль авчихаад Төрийн далбаагаа мандуулж, Төрийн дуулалаа эгшиглүүлэх юмсан гэж бүхнээс илүү мөрөөдөж байна. – Тэгвэл танд хамгийн их урам хайрладаг хүн хэн бэ?

-Урмын үгийг ихэвчлэн багшаасаа болон гэр бүлийнхнээсээ сонсдог. Сайхан үг сонссон хүн амжилтын төлөө шантарсан ч тэмүүлэх хүчтэй болдог.

-Байнгын бэлтгэл сургуулилтын хажуугаар өөртөө хэр цаг зав гаргаж чаддаг бол?

-Чөлөөт цаг бараг л гардаггүй. Чөлөөт цаг гарвал бусад орны өөрийн жингийн тамирчдын талаар судалж, бичлэг үзэж, туршлага судалдаг. Тамирчин хүн учраас бүхий л цагаа спортдоо зориулдаг даа. Энэ дашрамд шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр багшдаа, Аврагч биеийн тамир техникспорт хорооны хамт олондоо баярлалаа гэж хэлмээр байна. Үргэлж амжилт өөд тэмүүлж, эх орныхоо нэрийг тив, дэлхий, олимпийн тэнгэрт мандуулахын төлөө хөдөлмөрлөх болно оо.
Мөрөөдлийнхөө төлөө тууштай хөдөлмөрлөж, эх орныхоо нэрийг олимпийн тавцанд гаргах гэгээн хүсэлтэй тамирчин бүсгүйдээ амжилтын дээдийг хүсэн ерөөе. Өндөрт ниссэн шувуу холыг хардаг гэдэг. Түүний гэгээн хүсэл биелэлээ олох болтугай гэсэн сайхан ерөөлийг талбия.