Багуудын хамтын ажиллагаа сайн байлаа гэж дүгнэв

0

“Говийн чоно-2017” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийн хүрээнд газар хөдлөлтийн нурангиас аврах ажиллагааны болон хээрийн хүн эмнэлэг дэлгэх дадлага сургууль өнөөдөр Даланзадгад сумын хээрийн дадлага сургуулийн талбайд боллоо.

Нурангиас аврах ажиллагааны дадлага сургуульд орон нутгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн нийт 120 гаруй албан хаагч оролцлоо. Мөн уг дадлага сургуульд ОБЕГ-ын Аврах тусгай ангийн аврах бүлэг хамтран оролцсон нь аврагчдын хувьд харилцан мэдлэг, туршлагаа солилцсон томоохон дадлага боллоо гэж аврагчид ярьж байна.

Ойрын өдрүүдэд Өмнөговь аймгийн хэмжээнд салхи  секундэд 16-24 м/с, зарим үед 28 м/с хүрч салхилан шороон шуурга шуурч байгаа нь үзэгдэх орчин хязгаарлагдаж, хээрийн нөхцөлд дадлага сургууль явуулахад хүндрэл учруулж байна.

Гэсэн хэдий ч орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын бие бүрэлдэхүүн цаг агаарын хүндрэлийг үл ажран дадлага сургуульд идэвхитэй оролцож, багуудын харилцан хамтын ажиллагаа, идэвхи оролцоо сайн байлаа гэж сургуулийг зохион байгуулагчдаас дүгнэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.