АНУ-ын Номхон далайн армийн дэд командлагч, хошууч генерал Рожер Ноблийг хүлээн авч уулзлаа

0

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал АНУ-ын Номхон далайн армийн дэд командлагч, хошууч генерал Рожер Ноблийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Манай улсын хувьд АНУ-ын Номхон далайн командлалтай хамтран “Говийн чоно”-2017 олон улсын сургалт, дадлага сургуулийг зургаа дахь жилдээ зохион байгуулж байгаа билээ.

Тиймээс уулзалтын эхэнд ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал “Хууль эрхзүйн орчин шинэчлэгдэж байгаатай холбогдуулан Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага стратеги, зохион байгуулалтын шинэ бүтцээр ажиллаж байгаа. Гамшгийн нөхцөл байдал үүссэн үед иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай, цаг алдалгүй хүргэх зорилгоор орон нутагт бүсийн удирдлагын төвүүдийг байгуулаад байна. Ийнхүү шинэ бүтцэд шилжсэний дараа Өмнөговь аймагт “Говийн чоно-2017” олон улсын сургалт, дадлага сургууль болж байгаа нь гамшиг осол тохиолдсон үед бүсийн хэмжээнд хэрхэн яаж хамтран ажиллах вэ, ямар хариу арга хэмжээ авах вэ гэдэгт тодотгол болж өгч байгаа юм. Түүнчлэн гадаадын улс орнуудын ажиглагчдын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж, хүрээгээ тэлж байна.

Ер нь Монгол Улсын Онцгой байдлын салбарын хувьд гадаадын олон улс орнуудтай гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтран ажилладаг. Зөвхөн 2017 оны хувьд л гэхэд дөрвөн улстай хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна” хэмээн онцлон дурьдлаа.

Мөн “Бид энэ удаагийн сургалтаас гамшгийн хариу арга хэмжээний бэлтгэл бэлэн байдлыг яаж хангах вэ гэдэгт илүү суралцаж үлдэх ёстой. Энэ сургалтын дараа 2018 оны сургалтыг хаана зохион байгуулах вэ гэдгээ ярилцах ёстой болов уу. Манай баруун бүсийн хувьд Улаанбаатараас алслагдсан, газар хөдлөлтийн эмзэг бүсэд хамаардаг. Тийм учраас баруун бүс 2018 оны сургалтын төв болж болох талтай” гэв.

Харин АНУ-ын Номхон далайн армийн дэд командлагч, хошууч генерал Рожер Нобль “Говийн чоно” олон улсын сургалт, дадлага сургууль нь Номхон далайн армийн хуурай замын цэргийн командлалын хувьд маш ач холбогдолтой сургалт байдаг. Энэ сургалтыг цаашид яаж өөрчилж, өргөжүүлж болох вэ гэдэг тал дээр та бүхэнд ямар санал байна. Тэр бүгдийг бид сонсч дэмжихэд бэлэн байна. Номхон далайн армийн хуурай замын цэргийн командлал гамшиг, хүмүүнлэгийн чиглэлээр маш өргөн сүлжээнд ажилладаг. Тиймээс энэ бий болсон өргөн сүлжээгээрээ та бүхэнд бусад хамтрагчдыг нээж өгөхдөө бэлэн байх болно. Энэ чиглэлийн олон улсын дадлага сургуульд та бүхэн оролцохыг хүсвэл боломжтой” гэлээ.

Уулзалтын дараа хошууч генерал Рожер Нобль ОБЕГ-ын дэргэдэх Зарлан мэдээллийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Тэрбээр маргааш “Говийн чоно-2017” олон улсын сургалт, дадлага сургууль болж буй Өмнөговь аймгийг зорино гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.