Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0
1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Орхон, Завхан, Сэлэнгэ, Хөвсгөл, Увс аймгийн нутгаар бороо, уулархаг газраар хур тунадас орсон. Ихэнх нутгаар зөөлөн шороон шуургатай байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх, баруун аймгуудын зарим нутаг болон говийн  аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орж цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 9-14 м/с, нутгийн өмнөд хэсгээр 18-20 м/с, зарим үед 24 м/с хүрч шороон шуурга шуурна. Говийн бүсийн  зүүн хэсэг болон Дорнод Монголын тал нутгаар сэрүүсч 15-20 градус, бусад нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндий, Дархадын хотгороор 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүсийн баруун хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи баруун хойноос 7-12 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Сэрүүсч 7-9 градус дулаан байна.

Төлөв байдал: 05 дугаар сарын 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 4-нд ихэнх нутгаар 18-20 м/с, зарим үед 24 м/с, 5-нд говь талын нутгаар 14-16 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүрэн бэлчир, Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. 5-наас ихэнх нутгаар дулаарна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх, аврах ажиллагаа: Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Ханхар тээлийн гарам” гэдэг газар 2016.10.03-ны өдөр Орхон голын усанд осолдсон О /14 настай, эрэгтэй/-ыг тус аймгийн Онцгой байдлын газар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаад түр зогссон байсныг 2017.04.25-ны өдрөөс үргэлжлүүлсэн. Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 3 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 05.02-ны өдрийн байдлаар Орхон сумын Орхон голоос Сүхбаатар сумын “Өндөр-Эрэг” гэдэг газар хүртэл усаар 74 км газарт зохион байгуулсан.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Хар-Усны тохой” гэдэг газар 2016.10.23-ны өдөр Орхон голын усанд осолдсон иргэн М /39 настай, эрэгтэй/-ыг тус аймгийн Онцгой байдлын газар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаад түр зогссон байсныг 2017.04.19-ний өдөр үргэлжлүүлсэн. 2017.04.30-ны өдрийн 05:00 цагаас эхлүүлэн Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, Орхон аймгийн 3 албан хаагч, нийт 12 албан хаагч, 3 автомашин, 4 завьтайгаар эрэн хайх ажиллагааг 05.02-ны өдрийн байдлаар Орхон сумын Орхон голоос Сүхбаатар сумын “Өндөр-Эрэг” гэдэг газар хүртэл усаар 74 км газарт зохион байгуулсан.

3.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Архангай аймгийн Хотонт сумын Орхон багийн “Хужиртын Бунхант” гэдэг газар малчин Д-гийн 2 адуу 2017.04.29-ний өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 05.01-ний өдрийн 17-83 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь тогтоогдсон.

4.Ой, хээрийн түймэр:

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багийн “Шар жалга” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 90 км-т/  ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.04.26-ны өдрийн 12:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 25 албан хаагч,орон нутгийн 42 иргэн, нийт 67 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 04.30-нд цурманд оруулан, 05.02-ны өдрийн 18:40 цагт бүрэн унтрааж тус сумын байгаль орчны улсын хяналтын байцаагчдад хүлээлгэн өгсөн.

Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн “Ар-Бэрх“ гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 36 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг  2017.04.28-ны өдрийн 14:37 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 22 албан хаагч, орон нутгийн 69 иргэн, Дорнод аймгийн ОБГ-ын 13 албан хаагч, Баян-Уул сумын 16 иргэн, Дадал сумын 7 иргэн, нийт 127 хүн, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 04.30-ны өдрийн 19:25 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн “Ногоон нуруу” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 30 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.04.30-ны өдрийн 19:30 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа АТА-ийн 26 албан хаагч, аймгийн ОБГ-ын 25 албан хаагч, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, орон нутгийн 57 иргэн, Жаргалтхаан сумын 29 иргэн, Өмнөдэлгэр сумын 66 иргэн, нийт 215 хүн, 26 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

5.Объектын гал түймэр:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.02-ны өдрийн 12:37 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хорооллын автобусны буудал дээр зорчигч тээврийн автобус шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.02-ны өдрийн 14:58 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл багийн Гавшгайн-Ус гэдэг газар цахилгаан дамжуулах шонгийн мод шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.02-ны өдрийн 17:19 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 5 албан хаагч, 1 автомашинтай;

Говь-Алтай аймгийн Цээл сумын Дэрстэй багийн “Дунд цагаан толгой” гэдэг газар малчин Д-гийн өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.02-ны өдрийн 17:20 цагт хүлээн авч тус сумын Засаг даргаар ахлуулсан 11 иргэн 1 автомашинтай;

Нийслэлийн Баянзүрх дүүрэг 20 дугаар хороо, Улиастайн хэсэг “Бугын булан”  гэдэг газар малын бууц шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.02-ны өдрийн 19:20 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.

6.Техникийн холбогдолтой ослын талаар:

Тээврийн хэрэгслийн осол: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Бор гүвээ багийн нутагт байрлах “Шонхор” хүнсний дэлгүүрийн урд талын 3 уулзварын зорчих хэсгийн автозам дээр Шаамар сумын чиглэлд зорчиж явсан 05-96 УПР улсын дугаартай Приус-20 загварын суудлын автомашин, 37-86 СЭҮ улсын дугаартай Матиз загварын суудлын автомашинтай мөргөлдөж, 2 хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдан гэмтсэн тухай дуудлагыг 2017.05.02-ны өдрийн 14:52 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн Я /76 настай, эмэгтэй/, Э /50 настай, эрэгтэй/ нарыг автомашинаас гарган авч сумын нэгдсэн эмнэлэгт хүргэж, хэргийн газрыг Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР