Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0
1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Дорнод, Сүхбаатар, Хөвсгөл аймагт хур тунадас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж 7-12 м/с, зарим газраар 15-17 м/с хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Дархадын хотгор болон Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Идэр голын хөндий, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 2-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. 8-10 градус дулаан байна.

Төлөв байдал: 4 дүгээр сарын 19-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын зүүн хэсгээр, 21-нд нутгийн хойд хэсгээр, 22-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орж салхи 15-17 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд Хүрэн бэлчир, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө  1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

2.Аюулт үзэгдлийн талаар:

Газар хөдлөлт: Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн “Хавтгай нуруу” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 68 км-т/ Ө-45020/00’’ У-92038/00’’ 2017.04.17-ны өдрийн 14:24 цагт 4.2 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 14:40 цагт ООГСХ-гээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын орлогч даргаас тодруулахад “Иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохирол байхгүй” тухай мэдээлсэн.

3.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: 

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Цагаан хөтөл багийн “Төгрөг” гэдэг газар малчин Ж-гийн 16 хонь, 27 ямаанд мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛд шинжлүүлэхэд 04.03-ны өдрийн 17-690 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь; 

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Үүд багийн “Гүнгэрваа” гэдэг газар малчин А-гийн 7 үхэр, мөн багийн “Өрнө дэрс” гэдэг газар малчин Э-гийн суурьт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛд шинжлүүлэхэд 04.04-ний өдрийн 17-693 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь; 

Мөн аймгийн Түвшинширээ сумын Өлзийт багийн “Цагаан толгой” гэдэг газар малчин Г-гийн 6 үхэр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛд шинжлүүлэхэд 04.15-ны өдрийн 17-804 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;     

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Элт багийн “Дэлгэр-Өлзийт” гэдэг газар малчин Б-гийн 5 үхэр 2017.03.31-ний өдөр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул. дээж авч, УМЭАЦТЛд шинжлүүлэхэд 04.03-ны өдрийн 17-682 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь; 

Төв аймгийн Баянцагаан сумын Баян-Айраг багийн “Дэлийн хоолой” гэдэг газар малчин Н-ийн хонинд 2017.04.02-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 04.04-ний өдрийн 17-697 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Баян-Өлгий аймгийн Булган сумын Сөнхөл багийн “Хулжаа” гэдэг газар малчин С.Далелханы суурьт 6 бог мал 2017.04.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Өлзийт хошуу багийн “Бор-Овоо” гэдэг газар малчин С-ийн 1 тэмээ 2017.04.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4.Ой, хээрийн түймэр:

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн Хангай уулын “Бөхлөө” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.04.13-ны өдрийн 06:00 цагт хүлээн авч Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 32 албан хаагч, орон нутгийн 16 иргэн, нийт 48 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2017.04.17-ны өдрийн 14:10 цагт түймрийг цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Ганга багийн “Дөш” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 50 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.04.16-ны өдрийн 15:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, хилийн 0184 дүгээр ангийн 10 албан хаагч, хилийн 0146 дугаар ангийн 14 албан хаагч, орон нутгийн 24 иргэн, нийт 72 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2017.04.17-ны өдрийн 07:10 цагт түймрийг цурманд оруулан, 13:50 цагт бүрэн унтрааж Хилийн цэргийн 0184 дүгээр ангийн 8 дугаар заставт хүлээлгэн өгсөн.

5.Объектын гал түймэр:

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Дэнж багийн Баянхошууны гудамжинд боодлын өвс шатаж байна гэсэн  дуудлагыг 2017.04.17-ны өдрийн 10:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Дэнж багийн 16 дугаар гудамжинд боодлын өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.17-ны өдрийн 15:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 6 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Цагаан давааны гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.17-ны өдрийн 23:32 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн 6 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.17-ны өдрийн 09:53 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

6.Техникийн холбогдолтой осол:

Тээврийн хэрэгслийн осол: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо “Хүй долоон худаг”-ийн харалдаа зорчих хэсгийн автозам дээр хоёр автомашин мөргөлдөж хүн гэмтэж, хавчуулагдсан тухай дуудлагыг 2017.04.17-ны өдрийн 09:29 цагт хүлээн авч нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж Төв аймгаас Улаанбаатар хот руу зорчиж явсан Хово загварын 70-85 УБИ улсын дугаартай чиргүүлтэй ачааны автомашины араас 00-01 ТӨА улсын дугаартай Ланд Крузер-200 загварын суудлын автомашин мөргөж иргэн М /39 настай, эрэгтэй/, Д /41 настай, эмэгтэй/, Б /50 настай, эрэгтэй/ нар гэмтсэн байсныг НЯТТ-ын түргэний автомашинаар ГССҮТ-д хүргэж, жолооч З /54 настай, эрэгтэй/ газар дээрээ суудлын автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байсныг гарган Цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР