Х.Цэрэндаш: Бидний алба аливаад чин сэтгэлээсээ хандах, бусдыг хайрлахад сургадаг

0

Энэ удаагийн “Аврагчийн хөрөг” буландаа Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн Сургалт, сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Х.Цэрэндашийг урилаа.
Тэрбээр “Гэгээн далай” ХХК, ТВ-5 телевизээс 60-70-80-аад оны нийтийн дууны дахин давтагдашгүй хөг аялгууг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, залуу үеийнхэнд өвлүүлэн үлдээх зорилгоор офицеруудын дунд зохион байгуулсан “Үл тасрах аялгуу” улсын уралдаанд амжилттай оролцож, гуравдугаар байр эзэлсэн юм.

-Юуны өмнө “Үл тасрах аялгуу” улсын уралдаанд амжилттай оролцсон танд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Маш их баяртай байна. “Үл тасрах аялгуу” улсын уралдааны урьдчилсан шалгаруулалтад 150 гаруй офицер оролцсоноос 98 нь нэгдүгээр шатанд өрсөлдөх эрхтэй болсон. Эндээс хоёрдугаар шатанд 40 хүн шалгарснаас шилдэг хорийг нь гала тоглолтод оролцуулахаар болсон юм. Энэ шилдэг 20 офицерийн тоонд багтаж, гала тоглолтонд оролцон гуравдугаар байр эзэлсэндээ үнэхээр баяртай байна.

-Өмнө нь дуулаачийн чиглэлээр тэмцээн уралдаанд орж байв уу?

-Сургуулийнхаа урлагийн үзлэгт оролцдог байсан. Харин ажлын талбарт гарснаас хойш байгууллагаас зохион байгууллагдсан уралдаан тэмцээнүүдэд тогтмол оролцдог болсон. Гал түймэртэй тэмцэх албаны 80 жилийн ойд зориулсан тэмцээнд Орхон аймгаа төлөөлөн оролцож, манай урлагийн баг тэргүүлж бид таван аймгаар аялан тоглолт хийж байлаа.
Мөн хуульзүйн агентлагуудын дунд зохион байгуулагдсан урлагийн наадмын гоцлол дууны төрөлд гуравдугаар байр эзэлж, ахлагч цолоор шагнуулж билээ.
Эрдэнэт үйлдвэрийн Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангид шилжин ажиллах хугацаандаа Үйлдвэрийн ойн арга хэмжээнүүд, “Алтан намар-99”, “Онон, Балжийн домог түүхийн өлгий” зэрэг уралдаануудад амжилттай оролцож шилдгээр гуравдугаар байруудыг эзэлж байсан. Бас TV9 телевизээс зохион байгуулдаг “TV Karaoke” тэмцээнд дараалан оролцож, гурав дахь удаагаа оролцохдоо багаараа шилдгээр шалгарч 5000 долларын эзэд болж байсан даа.

-Тэмцээний үеэр шүүгч АЖ Д.Ухнаа гуай “Энэ сайхан дуучин болох хүн хаагуур яваад ирэв ээ” гэж өөрийг тань ихэд үнэлж байсан. Ер нь танай удамд дуучин хүн бий юу?

-Аав минь уртын дуу сайхан дуулдаг хүн байлаа. Ээж минь бас уртын болоод богинын дуу сайхан дуулдаг байсан. Гэхдээ удмаас минь мэргэжлийн дуучин болсон хүн байхгүй ээ.

-Таны хувьд урлагийн хүн больё гэж бодож байгаагүй юу. Ер нь яагаад Онцгой байдлын албаны албан хаагч болсон юм бэ?

-Би 1994 онд аравдугаар ангиа төгсөөд ар гэрийн байдлаас болоод цаашид суралцаж чадаагүй юм. Өөрөө ч энэ тал дээр нэг их хичээж зүтгээгүй. Тэгээд 1994 оны намар Говь-Алтай аймагт авга эгчийндээ очиж, нэг хувийн компанид ажиллах болсон. Тэнд хоёр жил ажиллаад хоёр ахыгаа түшиж Эрдэнэтэд ирсэн дээ. Энэ хооронд бас эхнэртэй болчихсон, том хүү маань төрөх дөхчихсөн байсан. Миний хувьд барилга дээр ажилладаг байлаа. Гэтэл эгчийн маань найз, Эрдэнэт” үйлдвэрийн Гал түймэр унтраах, аврах ангийн дарга хурандаа С.Мөнхбат гэж хүн “Манайх хүн шалгаруулж авч байгаа. Очиж шалгалт өгөөрэй” гэдэг юм. Би гэдэг хүн үсээ урт ургуулсан, улаан хацарласан, дээлтэй нөхөр шалгалт өгөхөөр очсон /инээв/. Тэгээд яахав дээлтэйгээ гүйж, суниагаад л шалгалтуудыг нь өгсөөр 90 гаруй хүүхдийн хамт тэнцсэнээр Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангид анх жолоочоор орж байлаа.
Харин Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Ганбаатар дарга намайг гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангид гал сөнөөгчөөр ажилд авснаар Онцгой байдлын албандаа ажиллах болсон. 2002 онд 58 дугаар ангидаа буцан ирж, гал сөнөөгч, салаан захирагчийн орлогчоор ажиллаж байгаад бага дарга болсон. Бага дарга болсон маань ч бас түүхтэй.

-Тэр түүхээ сонирхуулахгүй юм уу?

-Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн 1200-ийн труба бөглөрч аваарын байдалд орсон байсныг цэвэрлэх ажилд би таван залууг ахалж гарсан юм. Хиймэл нуурын 10-20 метрийн гүнд, агаарын дутагдалтай, аюултай нөхцөлд дагтаршсан лаг шавар цэвэрлэх ажил гүйцэтгэсэн. Байгаль орчныхон хэмжилт хийгээд агаарын хэт дутмагшилтай гээд нэвтрүүлэхийг хориглосон тийм газар бид хоёр сар шахам ажиллаж, 1860 гаруй метр трубаг цэвэрлэсэн. Араасаа агааржуулалтын систем тавиулж байгаад л ажилладаг байлаа. Сайн ажилласан гээд бага дарга болгосон доо.
2007 оноос багны мастерын алба хашсан. Энэ хугацаандаа 2012-2013 оны хооронд Орхон аймгийн “Маргад” дээд сургуульд гамшгийн менежмент, байгаль экологийн чиглэлээр сурч дээд боловсрол эзэмшсэн. 2015 онд офицер болсноосоо хойш Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийнхаа Сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. Мөн өнгөрсөн жилээс ШУТИС-д хөдөлмөр хамгааллын инженерээр магистрантурт суралцаж байна.

-Таны ажлын гараа жолоочоос эхэлж, эдүгээ офицерын эгнээнд багтан ард иргэдээ болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх чухал ажлыг эрхэлж байна. Өдий хүртлэх он жилүүдийг эргээд дурсахад сургамжтай, дурсамжтай зүйл олон биз?

-Тэгэлгүй яахав. Бага залуудаа хэнэггүй явсан үе надад бий. Харин цэргийн байгууллагад орсноороо төлөвшиж, олон зүйлд суралцаж байна. Хувь хүний хувьд олны дунд явсан хүн маш олон зүйлийг суралцаж, өөрийгөө дүгнэж, цэгнэдэг болдог юм байна. Түүнчлэн урлаг хүнийг хүмүүжүүлдэг. Урлаг соёлын арга хэмжээнд оролцоход биеэ зөв авч явах, хэл яриагаа зүгшрүүлэхээс эхлээд өөрийгөө дайчлах зүйл их гардаг. Ер нь хүнээс үг сонсч, түүнийг өөртөө зөвөөр тусгаж авах нь их чухал юм билээ. Тэр дундаа манай Онцгой байдлын алба аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандахад, бусдыг хайрлахад сургадаг. Энэ алба бол миний бахархал. Мөн хамт олон маань намайг дэмжиж, урлаг соёлын арга хэмжээнд оролцуулж, итгэл найдвар хүлээлгэдэгт талархаж, хичээдэг дээ.

-Ингэхэд ажлаа хэр төлөвлөдөг вэ. Үндсэн ажлаа хийнэ, урлаг соёлын арга хэмжээнд оролцоно гээд амжуулах ажил танд мундахгүй их бололтой?

-Төлөвлөнө өө. Зарим үед төлөвлөснөө хийж амжина. Заримдаа амжихгүй. Би Эрдэнэт үйлдвэрийн 34 цех, 100 гаруй хэсэгт 6000 ажилчинд гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны ажил явуулах үүрэгтэй.
Гал унтраах багаж зэвсгийг яаж ажиллуулах вэ, анхан шатны бие бүрэлдэхүүнд дуудлага яаж өгөх вэ, гал унтраах бие бүрэлдэхүүн ирэхээс өмнө ямар арга хэмжээ авах вэ гэдгээс эхлүүлээд хууль эрхзүйн мэдлэг олгох, мэдээллээр хангах бүх л сургалтыг зохион байгуулдаг.

Энэ жилээс бүх цехээс төлөвлөгөө гаргуулж, түүний дагуу сургалтуудыг зохион байгуулья гэж бодож байгаа. Орхон аймгийн хэмжээнд 2015 онд 168 удаагийн дуудлага гарсан байдаг. Үүнээс Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд 7 удаагийн дуудлага байна. Энэ дуудлагын шалтгаан, нөхцлийг тогтоож, урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаашид хэрхэн авах талаар сургалт явуулж байна. Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад сургалт зохион байгуулна. Завгүй байх тусмаа ажил өрнөж, амжилт гаргадаг юм шиг санагддаг. Үүрэг даалгавар бүрийг биелүүлэхийн төлөө л хичээн ажиллаж байна.

-Таны яриаг сонсоод байхдаа “Ажлыг аз жаргал болгож, өөртөө олгогдож буй шинэ боломж гэж сэтгэж хийх ёстой” гэдэг үг санаанд орж байна?

-Дуртай ажлаа хийж байхдаа хүн илүү жаргалтай байдаг шүү дээ. Ер нь бусдад өөрийнхөө мэдэж, сурсан зүйлээ хуваалцах их дуртай. Ингэснээрээ бусдаас суралцаж, шинэ мэдээлэлтэй болж, түүнийгээ буцааж бусдад түгээнэ.
Тиймээс энэ жилээс эхлээд МУИС-ийн оюутнуудад гамшгийн менежментийн талаар хичээл орох төлөвлөгөөтэй байгаа. Гамшгийн удирдлага болон гамшгаас хамгаалах төлөвлөгөөг яаж боловсруулах, эрсдэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт явуулахаар төлөвлөөд байна.

-Ажлынхаа хувьд олон төлөвлөгөөтэй байгаа юм байна. Харин урлаг, уран сайхны чиглэлээр төлөвлөсөн зүйл байна уу?

-Номын дууг нь сонсч, ногоотой шөлийг нь уугаагүй ч дуулах дуртай. Тийм болохоор 2010 онд “Монгол Улсын төлөө зүтгэе” нэртэй бие даасан тоглолтоо аймагтаа хийж байлаа. Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийнхаа сүлд дууг дуулсан. Цаашдаа албаныхаа тухай олон сайхан дуу дуулна гэсэн бодол бий. Мөн дууны CD гаргах, бие даасан тоглолтоо хийхсэн гэсэн санаа байна.

-Энэ бүхний ард хамгийн эхний найдвартай дэмжигч, туслагч нь мэдээж ар гэр, гэргий тань байх. Тэднийгээ танилцуулаач?

-Тэгэлгүй яахав. Гэргий маань Булган аймгийн харьяат. Орхон аймагтаа цэцэрлэгийн нярав ажилтай, сайхан бүсгүй бий. Бид 1996 онд гэр бүл болж байлаа. Гурван сайхан хүүхэдтэй. Том охин маань Батлан хамгаалах их сургуулийн гуравдугаар курст суралцдаг. Дунд охин 9-р анги, бага хүү нэгдүгээр ангид сурдаг. Мэдээж хань минь миний хамгийн сайн туслагч, найдвартай ар тал. Ер нь тэгээд бие биеэ ойлгож, хайрлаж, уучилж, амьдралын төлөө тэмцсэнээр амьдрал өөдлөн дэвждэг юм билээ. Түүнчлэн хамт олон маань үргэлж тусалж, дэмждэг учраас л ийм сайхан ажилтай, амжилттай байгаа гэж боддог.

-Ажиглаад байх нь ээ, та нүүрний баясгалантай хүн юм аа?

-Хүний сэтгэл баяр баясгалантай байвал нүүр дүүрэн харагддаг. Тиймээс би үргэлж инээж явдаг.

-Цаг заваа гаргаж, ярилцлага өгсөнд тань баярлалаа.

-Та бүхэнд ч баярлалаа. Онцгой байдлын албаны албан хаагчид ард иргэдийнхээ амгалан байдлын төлөө үргэлж санаа зовнидог. Гэр бүлийнхэн минь ч адилхан.
Тиймээс хамт олныхоо гэр бүлийнхэнд үргэлж биднийг ойлгож, дэмждэгт баярлалаа гэж хэлмээр байна. Ард иргэдээ авран хамгаалах үйлсийн төлөө сэтгэл зүрхээ зориулсан үе үеийн удирдлага, албан хаагчдадаа өрнүүн их амжилт хүсч, эрүүл энхийг ерөөе.

Ажилдаа дурлаж, үүрэг даалгавраа чин сэтгэлээсээ биелүүлдэг олон арван албан хаагчдын төлөөлөл болсон танд бас амжилтын дээдийг хүсэн ерөөе.