“Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийг орон нутагт хэрэгжүүлнэ

0

Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах Зүүн хойд Азийн бүсийн төв, Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн боловсрол, сургалтын хүрээлэнтэй хамтран Монгол Улсад “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх”, “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот” НҮБ-ын санаачлагыг хэрэгжүүлэх чиглэлээр цуврал сургалтыг зохион байгуулж байна.

2017 оны 04 дүгээр сарын 10-14-ний өдрүүдэд “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл, ажиллагааны хүрээ баримт бичгийн хэрэгжилтийг орон нутгийн түвшинд хангах, гамшгийн эрсдэлийг үнэлэх нь” сэдэвт II шатны сургалт Онцгой байдлын ерөнхий газарт эхэллээ.

Энэ удаагийн II шатны сургалтад Нийслэлийн Онцгой байдлын газар, Дархан-Уул, Орхон аймгийн  Онцгой байдлын газрын албан хаагчид болон гамшгаас хамгаалах улсын албадын нийт 26 оролцогч хамрагдаж байна.

Албан хаагчид сургалтын үеэр эрсдэлийг тооцоолох түргэвчилсэн аргад суралцахын зэрэгцээ цаашид орон нутгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөндөө тусган ажиллана. 

Энэхүү сургалт нь “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот” санаачлагад Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймгууд нэгдэн орсон бөгөөд тус санаачлагад заасан зайлшгүй шаардлагатай 10 зүйлс буюу 10 үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхийн төлөө стратеги, төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллахад чухал үүрэгтэй юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.