Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0
1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа

Өнөөдөр: Баруун болон говийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас 6-11 м/с. Хүрэн бэлчир орчмоор 1 градус дулаанаас 4 градус хүйтэн,  Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 2-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: багавтар үүлтэй, хур тунадас орохгүй, салхи баруунаас 5-10 м/с, 11-13 градус дулаан байна.

Төлөв байдал:  9-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар, 10, 11-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи 10-нд төв болон зүүн аймгуудын нутгаар 12-14 м/с, 11, 12-нд нутгийн зүүн хагаст 15-17 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 0-5 градус, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна. 11-12-нд нутгийн зүүн хагаст хүйтэрнэ.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Өвөрхангай аймгийн Тарагт сумын Арвайн тал багийн “Усчны хоолой” гэдэг газар иргэн Д /42 настай, эмэгтэй/ 2017.03.22-ны өдрийн 16:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2017.03.23-ны өдрийн 10:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, ЗХ-ний 256 дугаар ангийн 15 албан хаагч, Цагдаагийн газрын 3 албан хаагч, 1 эрэлч нохой, орон нутгийн 19 иргэн, нийт 46 хүн, 5 техник хэрэгсэлтэй, 04.07-ны өдрийн 11:45 цагт “Хараацай хайрхан” уулын оройгоос цогцсыг олж аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн “Буянт гол” гэдэг газар /сумын төвөөс хойд  зүгт 60 км/ иргэн Б /27 настай, эрэгтэй/ 2017.04.02-ны өдрийн 10:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2017.04.03-ны өдрийн 20:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, Булган аймгийн Тэшиг сумаас 14 хүн, нийт 21 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 04.07-ны өдөр ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөний үндсэн дээр эрлийн ажиллагааг түр зогсоосон.

Ус, цас, шаварт саатсан: Завхан аймгийн Тэс сум Зүр багийн Урд хөндий гэдэг газар 70-63 ЗАН  улсын дугаартай 2 зорчигчтой суудлын автомашин шаварт суусан тухай дуудлагыг 2017.04.07-ний өдрийн 07:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж 04.07-ны өдрийн 08:55 цагт автомашиныг  татан гаргасан.

Өвөрхангай аймгийн Хужирт сумын Өвөр модот багийн “Харзны гол” гэдэг газар 64-24 УНУ улсын дугаартай 3 зорчигчтой суудлын автомашин шаварт суусан тухай дуудлагыг 2017.04.07-ны өдрийн 19:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй ажиллаж 04.07-ны өдрийн 20:40 цагт автомашиныг татан гаргасан. Автомашин явах боломжгүй болсон тул айлын гадна орхиж 3 зорчигчыг Өвөрхангай аймгийн Хужирт сумын төвд хүргэж өгсөн.

Завхан аймгийн Тэс сумын Дооно багийн “Балбархай-Үзүүр” гэдэг газар 25-83 ЗАН улсын дугаартай 2 зорчигчтой ачааны автомашин шаварт суусан тухай дуудлагыг 2017.04.08-ны өдрийн 01:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 04.08-ны өдрийн 02:35 цагт автомашиныг татан гаргасан.

3.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: 

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Цагаан хөтөл багийн “Төгрөг” гэдэг газар малчин Ж-гийн 16 хонь, 27 ямаанд мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛд шинжлүүлэхэд 04.03-ны өдрийн 17-690 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь; 

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Үүд багийн “Гүнгэрваа” гэдэг газар малчин А-гийн 7 үхэр, мөн багийн “Өрнө дэрс” гэдэг газар малчин Э-гийн суурьт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛд шинжлүүлэхэд 04.04-ний өдрийн 17-693 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь; 

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Элт багийн “Дэлгэр-Өлзийт” гэдэг газар малчин Б-гийн 5 үхэр 2017.03.31-ний өдөр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул. дээж авч, УМЭАЦТЛд шинжлүүлэхэд 04.03-ны өдрийн 17-682 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь; 

Төв аймгийн Баянцагаан сумын Баян-Айраг багийн “Дэлийн хоолой” гэдэг газар малчин Н-ийн хонинд 2017.04.02-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 04.04-ний өдрийн 17-697 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Өлзийт хошуу багийн “Бор-Овоо” гэдэг газар малчин С-ийн 1 тэмээ 2017.04.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4.Объектын гал түймэр:

Нийслэлийн Налайх дүүргийн 2 дугаар хороонд өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.07-ны өдрийн 08:38 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд амбаар, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.07-ны өдрийн 14:24 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Баянгол дүүргийн 10 дугаар хороонд хашаанд жорлон шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.07-ны өдрийн 15:11 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Оргил худалдааны төвийн дэргэд иргэн Б-гийн эзэмшлийн 98-49 УБН улсын дугаартай суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.07-ны өдрийн 18:56 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгэр;

Мөн дүүргийн 10 дугаар хорооны, 86/А дугаар байрны ус дулаан дамжуулах төвийн зоорийн давхарт хөөсөнцөр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.07-ны өдрийн 18:12 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэй;

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Салхит”-ын 3 дугаар багийн 2 дугаар хэсэгт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.07-ны өдрийн 11:19 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутагт хашаанд хураалттай өвс  шатаж байна гэсэн дудлагыг 2017.04.07-ны өдрийн 17:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 6 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Мөн аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутагт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.07-ны өдрийн 22:34 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч,1 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

5.Техникийн холбогдолтой ослын талаар:

Тээврийн хэрэгслийн осол: Дундговь аймгийн Луус сумын Жаргалант багийн “Хар-Овоот” гэдэг газар  /сумын төвөөс урд 5 км-т/ 08-75 ДГО улсын дугаартай “Жак” загварын ачааны автомашины араас, 17-19 УБП улсын дугаартай “Тоёота Корола” загварын суудлын автомашин  мөргөж, автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 2017.04.06-ны өдрийн 23:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй ажиллаж, иргэн Д /33 настай, эмэгтэй/ гэмтсэн байсан тул эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, сумын эрүүл мэндийн төвд, иргэн Т /52 настай, эмэгтэй/, С /37 настай, эрэгтэй/, Б /27 настай, эрэгтэй/, Т /16 настай, эрэгтэй/ нар нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгсөн.

Ахуйн осол: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 9 дүгээр цэцэрлэгийн угаалтуурын тосгуурын нүхэнд 1 хүүхэд хуруугаа хийчихээд гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг 2017.04.07-ны өдрийн 16:09 цагт хүлээн авч НОБГ-ын Аврах ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэй ажиллаж Д /4 настай, эрэгтэй/ хуруугаа хавчуулсан байсныг гаргаж ангийн багшид;

Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны  57 дугаар байрны 1 дүгээр орцны 7 дугаар давхраас бага насны 2 хүүхэд унах гээд байна гэсэн дуудлагыг 2017.04.07-ны өдрийн 19:40 цагт хүлээн авч НОБГ-ын Аврах ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэй ажиллаж М /5 настай, эмэгтэй/, М /2 настай, эрэгтэй/ нарыг тагтаас буулгаж эгч Ю-д;

Баянгол дүүргийн 8 дугаар хорооны 99 дүгээр байрны 1 дүгээр орцны 5 дугаар давхраас бага насны 2 хүүхэд унах гээд байна гэсэн дуудлагыг 2017.04.08-ны өдрийн 00:40 цагт хүлээн авч НОБГ-ын Аврах ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэй ажиллаж А /5 настай, эрэгтэй/, А /3 настай, эмэгтэй/ нарыг тагтаас буулгаж аав Ц-д тус тус шилжүүлэн өгсөн.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР