Шатрын аварга баг, тамирчидаа тодруулав

0

Зэвсэгт хүчин, хууль хяналтын байгууллагын Ахмадын холбооны Шатрын аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор Онцгой байдлын байгууллагын Ахмадын холбооны 2017 оны аварга баг, тамирчин шалгаруулах тэмцээнийг “Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллага үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойн нэрэмжит” болгон зохион байгууллаа.

Тэмцээнд зургаан Ахмадын холбоо, хороо, зөвлөл, салбарын 24 тамирчин оюун ухаан, ур чадвараа уралдуулав.

Улмаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Ахмадын хорооны баг тамирчид багийн дүнгээр нэгдүгээр байр эзэлсэн бол хоёрдугаар байрт Онцгой байдлын ерөнхий газрын Ахмадын хорооны баг тамирчид, гуравдугаар байрт Онцгой байдлын байгууллагын Ахмадын холбооны баг тамирчид шалгарч, цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Түүнчлэн гурван ширээ тус бүрт нэг, хоёр, гуравдугаар байрын тамирчдыг шалгаруулав.

Нэгдүгээр ширээнээс Онцгой байдлын ерөнхий газрын Ахмадын хорооны гишүүн, бэлтгэл хурандаа, шатрын спортын мастер Х.Мөнхжаргал, хоёрдугаар ширээнд ОБЕГ-ын Ахмадын хорооны гишүүн, бэлтгэл хурандаа, спортын нэгдүгээр зэргийн тамирчин Ш.Ганболд, гуравдугаар ширээнд ОБЕГ-ын Ахмадын хорооны гишүүн, бэлтгэл дэд хурандаа Н.Нансал нар тус тус байр эзэлсэн бол эмэгтэйчүүдээс НОБГ-ын Ахмадын хорооны гишүүн Б.Нарантуяа нэгдүгээр байр эзэлж, Ахмадын холбооны өргөмжлөл, мөнгөн шагнал хүртсэн юм.