Монголчууд эрсдэл дунд амьдарч байна

0

-Нийслэлд 2000 онд 200 орчим удаа чичирхийлэл бүртгэгдсэн бол 2005 онд 475, 2009 онд 498, 2010 онд 760, 2012 онд 861, 2013 онд 2161, 2014 онд 1126, 2015 онд 896 удаа газар чичирхийлжээ-

Шадар сайдын санаачилснаар жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн лхагва гаригийг “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон зарлалаа. Эл өдрийг анхны жилдээ саяхан (2017.03.22) улс даяар тэмдэглэн өнгөрүүлэв. “Харин пүрэв гаригт нь дасгал сургуулилт хийлээ. Газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх өдрийг угтаж, МУИС, Япон улсын Нагоя их сургуулийнхан хамтарч газар хөдлөлт, түүнийг тойрсон асуудлыг хөндсөн хэлэлцүүлгийг өрнүүлсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр дурдсан онцлох баримтуудыг уншигчиддаа хүргэе.

Монголчууд бидэнд газар хөдлөлтийн гамшиг хол юм шиг санагддаг. Дэлхий дахинд тохиолдож буй 30 гаруй төрлийн гамшгаас асар богино хугацаанд тохиолдож, олон хүнийг хамарч, нийгэм, эдийн засаг хүрээлэн буй орчинд их хэмжээний хохирол, үй олон сөрөг үр дагавар дагуулдаг хамгийн аюултай гамшиг бол газар хөдлөлт. 2008 онд БНХАУ-ын Сичуанд тохиосон газар хөдлөлтөд 87 мянган хүн, 2010 оны Гаитигийн газар хөдлөлтөд 200 гаруй мянган хүн, 2011 оны Японы газар хөдлөлтөд 16 мянган хүн, 2016 оны Балбын газар хөдлөлтөд 9000 хүн өртөж, амь насаа алдсан байдаг.

Сүүлийн 50 жилийн судалгаагаар Монгол Улсын нийт хот суурин газрын 75 хувь нь долоо ба түүнээс дээш, 12 сум суурин газар хөдлөлтийн ес бө түүнээс дээш баллын эрсдэлтэй бүсэд оршиж байгааг тогтоожээ. Эдгээр эрсдэлтэй бүсэд нийт хүн амын 85 хувь аж төрж амьдарч байгаа гэсэн түгшүүрт тоо гарчээ.

Өнгөрсөн 2016 онд улсын хэмжээнд нийтдээ 2800 газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Булган, Сэлэнгэ, Төв, Дундговь, Өмнөговь болон Улаанбаатар хот орчимд газар хөдлөлтийн чичирхийллийн идэвхжилт улам нэмэгдсээр байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Тухайлбал, нийслэлд 2000 онд 200 орчим удаа чичирхийлэл бүртгэгдсэн бол 2005 онд 475, 2009 онд 498, 2010 онд 760, 2012 онд 861, 2013 онд 2161, 2014 онд 1126, 2015 онд 896 удаа газар чичирхийлжээ.

Энэ бол дохио санамж төдийгүй сэрэмжлүүлэг, анхааруулга байхыг үгүйсгэхгүй. Чухам тиймээс газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийг Шадар сайдаар ахлуулсан ажиллуулж буй юм. Юун түрүүн хүүхэд багачуудаа хамгаалах, урьдчилан сэргийлэх үүднээс хамгийн түрүүн багш нарт сургалт явуулсан байна. Хот суурин газрын барилга байшингуудын хэдэн хувь нь газар хөдлөлтөд тэсвэртэй вэ гэдгийг судалж буй бөгөөд судалгааны ажил 70 хувьтай яваа ажээ.

Дэлхий нийтийн хэмжээнд газар хөдлөлтийн аюул осолд хамгийн ихээр өртсөн улс орон бол Япон. Асар их хохирол амссаныхаа хэрээр газар хөдлөлтийн аюул ослыг даван туулах туршлага ч арвинтай. Тиймээс энэ жил Японы Нагоя хотын их сургуулийн эрдэмтэн багш, доктор Монголд ирж, судалгаа шинжилгээнийхээ талаар танилцууллаа. Японы эрдэмтэд одоогоос 10 гаруй жилийн өмнө Монголд ирэхдээ газар хөдлөлтийн ул мөрийг газар дээр нь очиж үзсэнээ хэлж байсан юм. Нагоя их сургуулийн профессор Ясухиро Сузуки Монголд тохиосон газар хөдлөлтийг нарийвчлан судалж, нутгийн иргэдтэй уулзан тэмдэглэл хөтөлснөө МУИС-ийн оюутнуудтай уулзах үедээ танилцуулсан юм. Монголд хамгийн ноцтой ул мөр үлдээсэн Увс, Завхан, Хөвсгөл аймгийг дамнасан 300 гаруй км үргэлжлэх газрын хагарал нь дэлхийн хамгийн урт, бас идэвхтэй газрын хагарал гэж газрын зурагт тэмдэглэсэн байдгийг япон эрдэмтэн дуулгалаа. Японы эрдэмтэд энэ мэт газрын хагарал 2000 жилд нэг удаа үүсдэг гэж таамагладаг байна. Мөн 1905 оны Булнайн газрын хагарал дэлхийд томоохонд орно гэж тодотгов. 1957 онд Говь-Алтайд болсон газар хөдлөлтөөс болж 200 гаруй км газар хагарч байжээ. 1967 онд Булган аймгийн Могодод газар хөдөлж, чичирхийлэл нь Улаанбаатарт мэдэгдэж байжээ. Манай нийслэлийн ойр орчимд зургаан газарт газар хөдлөлтөөс үлдсэн ул мөр байдаг ажээ. Хустайн газрын хагарлаас эхлээд зургаан томоохон хагарал үүссэнийг ШУА тогтоожээ. Тиймээс Улаанбаатарт газар хөдлөх магадлал бийг тэрбээр онцлов. Газар хөдлөлт нь цас бороо, салхи шуурганы адил урьдчилан таамаглах ямар ч боломжгүйгээрээ аюултай. Байшин барилгыг бэхжүүлэх, хүчитгэх нь хийх ёстой ажлын нэг боловч өөр бусад олон ажлыг урьдчилан хийх нь чухал гэдгийг ноён Ясухиро Сузуки санууллаа.

Харин МУИС-ын ОУХС-ийн захирал, доктор С.Баттулга “Угтаж хар, тосож бэлд, тэсэж давах чухал” гэж уриаллаа. Монгол Улсад хамгийн сүүлийн буюу Могодын газар хөдлөлт болсноос хойш 50 жил болж байгаа бөгөөд гамшгийг хэрхэн даван туулахдаа эртнээс бэлдэх нь зүйтэй гэдгийг сануулсан юм. Япончууд бол газар хөдлөлтийн аюулыг 10-20 жилийн өмнөөс бэлддэг гэдгийг баримтаар тайлбарлав. Аливаа эрсдлийг даван туулах чадвар монголчуудын амьдралд эртнээ суусан байсныг С.Баттулга багш онцолж байлаа. Гэнэтийн аюул ослыг туулах, шийдвэр гаргах, даван туулах чадварыг нүүдэлчин өвөг дээдэс маань эзэмшсэн байсан болохоор орчин цагийн амьдралдаа тэрхүү уламжлалыг сэргээх нь зүйтэй гэсэн юм.

Дээхэндээ бол гал усын гамшиг, аюул ослын үед өөрийгөө, бусдыг хамгаалах анхны мэдэгдэхүүн олгодог иргэний хамгаалалтын хичээлийг сэргээх, ЕБС-ийн сурагчдад анхны мэдлэг олгохын чухлыг хэлэлцүүлгийн үеэр хөндөж байлаа. Түүнчлэн Монгол хүмүүсийн ихэнх нь газар хөдлөлтийг холын зовлон мэт сэтгэж хайхрамжгүй ханддаг. Харин манай Японд бол түүнийг мартах л юм бол гэнэт гарч ирнэ гэж сэрэмжилдэг” гэж япон эрдэмтэн онцолж байлаа.

Хэлж бус хийсч ирдэг аюул гамшиг бол газар хөдлөлт гэдгийг байнга санаж, сэрэмжлэх цаг иржээ.

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ГАМШГИЙГ ДАВАН ТУУЛАХ ҮНДЭСНИЙ ЧАДАВХЫГ САЙЖРУУЛАХ НЬ

/Олон нийтэд зориулсан тусгай лекц/

www.news.mn