Монголын анхны эмэгтэй “Онц гал сөнөөгч”

0
 

Эл нийтлэлийн баатар шиг хүмүүс Монголд цөөнгүй ч “анхны эмэгтэй” гэх тодотголоороо бидний анхаарлыг татлаа. Түүн лугаа адил зоригтой, нийгэмдээ ач гавьяатай байж, ирээдүйдээ итгэл төгс хандахыг уншигч бүсгүйчүүддээ уриалъя.

Чулуунхүү хоорондоо нэг насны зөрүүтэй гурван хүүхдийн нэгийг тэвэрч, хоёрыг нь хөтлөн утаан дундуур тэмтэчсээр гарч ирлээ.

Энэ үйл явдал 1959 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр Дорноговь аймагт болсон юм. Дуламсүрэнгийн Чулуунхүү 12 настай, дөрөвдүгээр ангийн сурагч байлаа. Үйл явдал үйлдвэр хоршооллын гэр байранд өрнөжээ. Охин гэрээсээ гараад явж байтал нэг айлын тооноор өтгөн утаа гарч харагдав. Тэрбээр гүйж очиход гэр дотор хүүхдүүд уйлж байх нь сонсогдлоо. Жаалхан охин атлаа яагаад ч юм тэр айлын хаалгыг бодох санах юмгүйгээр шуудхан онгойлгож оров. Томчууд нь эзгүй тэр айлын шинэ жилийн сүлд модны утаснаас гал авалцаж, ойр орчмын зүйлсийг шатаан дүрэлзэж байх нь тэр. Чулуунхүү хоорондоо нэг насны зөрүүтэй гурван хүүхдийн нэгийг тэвэрч, хоёрыг нь хөтлөн утаан дундуур тэмтэчсээр гарч ирлээ. Тэр зуур галын дөлөнд тэдний нүүр, нуруу, сэвлэг үс хайрагдаж, аврагч охины маань хувцас хунар энд тэндээ түлэгдсэн байлаа…

Түүний аварсан гурван хүүгийн том нь Б.Лхагва юм. Б.Лхагва МУИС-ийг инженер, эдийн засагч мэргэжлээр төгсөөд одоо Дорноговь аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргаар ажиллаж байна. Дунд хүү Б.Пүрэв-Осор нь гагнуурчин болж, бага хүү Б.Пүрэв нь том болсон хойноо зуурдаар нас барсан гэнэ.

1960 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн зарлигаар сурагч охин Чулуунхүүд “Шударга журам” медалийг гардуулжээ

Чулуунхүү 1948 оны долдугаар сарын 11-нд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Гурван Хөвсгөл гэдэг газар мэндэлжээ. БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1960 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн зарлигаар Ж.Самбуу дарга сурагч охин Чулуунхүүд “Шударга журам” медалийг өөрийн биеэр гардуулж өгчээ. Чулуунхүү бол энэ медалийг хүртсэн анхны сурагч билээ. Балчир ахуйд нь тохиолдсон эл баатарлаг явдал нь түүний хувь заяаг Онцгой байдлын газартай бат холбосон юм. Бусдын амь амьдралыг аврах нь хэчнээн чухал үйлс болохыг ойлгосон тэрбээр 1981 оны тавдугаар сарын 1-нд галын байгууллагад ажилд орж, 20 жил ажиллаад гавьяаныхаа амралтыг авсан юм. Энэ хугацаандаа “Монгол гайхамшиг-93” анхны наадамд “Энэрэнгүй үйлстэн”-ээр оролцож, 1999 онд байгууллагын Хөдөлмөрийн аварга болж, түүнчлэн “Онц гал сөнөөгч” тэмдгээр шагнагдсан байна. Гэхдээ галын байгууллагад орохоосоо өмнө Үйлдвэрчний зөвлөлд бичээч, бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж асан цаг хугацаа бас түүнд буй.

“Миний бас нэг бахархаж явдаг зүйл бол ЗХУ-ын анхны сансрын нисэгч эмэгтэйтэй захидлаар харилцсан явдал юм” хэмээн тэрбээр сэтгэл дүүрэн үгүүлсэн.

…Сурагч насанд нь тохиолдсон бас нэгэн онцгой үйл явдлыг тэр насан туршдаа мартаагүй. Чулуунхүү тухайн үед дэлхийд нэр нь цуурайтаж асан ЗХУ-ын анхны сансрын нисэгч эмэгтэй Валентина Николаевна Терешковад захидал илгээхээр шийдэн, орос хэлнийхээ багшийн дэмжлэгтэйгээр өөрийнхөө тухай чадан ядан бичжээ. Гэхдээ тэр хариу захидал ирнэ гэж огтхон ч бодоогүй юм. Тэгтэл удсан ч үгүй сансрын нисэгчийн дүрэмт хувцастай Терешковагийн зураг бүхий захидал ирж бөөн баяр хөөр болов. “Миний бас нэг бахархаж явдаг зүйл бол ЗХУ-ын анхны сансрын нисэгч эмэгтэйтэй захидлаар харилцсан явдал юм” хэмээн тэрбээр сэтгэл дүүрэн үгүүлсэн. Есөн хүүхэд төрүүлж өсгөсөн энэ буянтан өдгөө Дорноговь аймагт ханийнхаа хамт эрүүл саруул аж төрж байна.

Нийтлэлийг: Ж.Хулан

Эх сурвалж: http://niislel.time.mn/essay/6657