Б.Бямбасүрэн: Шүхрээ эвхэнэ гэдэг өөрийнхөө амийг өөрөө дааж байна гэсэн үг

0

Удахгүй болох Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангийн Агаарын ажиллагааны салбарын шүхэрчин-аврагч, онцгой байдлын дэд ахлагч Б.Бямбасүрэнгийн “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагыг та бүхэнд толилуулж байна.

-Шүхэрчин-аврагч гэдэг хэн хүний, тэр тусмаа эмэгтэй хүн хийчих амар ажил биш шиг санагдаж байна. Та энэ мэргэжлийг яагаад сонгох болсон бэ?

-Санамсаргүй байдлаар одоогоос найман жилийн өмнө Ардын хувьсгалын баяр наадмаар Хүй долоон худагт шүхрээр бууж буй хүмүүсийг анх харахад надад гүн сэтгэгдэл төрсөн. Түүнээс хойш шүхрээр хичээллэхийг нууцхан хүсч, мөрөөдөж явсаар Онцгой байдлын албанд шүхэрчин-аврагч гэх сайхан алба байдгийг сонссон. Тэгээд л өргөдлөө өгч, хүссэн ажилдаа орсон. Ээж маань цэргийн байгууллагад насаараа ажилласан нь надад энэ мэргэжлийг сонгоход тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байх. Намайг бага байхад ээж маань Батлан хамгаалах яаманд энгийнээр ажиллаж байгаад, Онцгой байдлын албанд орж цэргийн хүн болсон. Цэргийн хувцас эмэгтэй хүнийг маш гоё, жавхаатай харагдуулдаг.

-Танай байгууллагад хичнээн шүхэрчин-аврагч бүсгүй байдаг вэ?

-Ер нь бол 40 гаруй эмэгтэй албан хаагчтай. Гэхдээ шүхрийн буулт хийдэг ганц эмэгтэй шүхэрчин байдаг.

-Шүхэрчин-аврагч болоод гүйцэтгэсэн хамгийн хүнд хэцүү үүрэг даалгавар тань юу байв?

-Манай улсын хэмжээнд ганцхан манай ангид л шүхэрчин-аврагчид байдаг. Бид Монгол Улсын хэмжээнд бүх гамшиг ослын голомтуудад аврах ажиллагаа явуулдаг. Шүхэрчин-аврагчдын хувьд газраар, машинаар хүрч очих боломжгүй газарт агаараас эрэн, хайх ажиллагаа явуулж, ослын голомтод газарддаг.  Буугаад шүхрээ эвхэж хойноо үүрээд, багаж зэвсгээ урдаа бариад гамшигтай тэмцэнэ. Нэг бодлын их хүнд алба. Хамгийн анх ой, хээрийн түймрийн дуудлагаар ажиллахдаа холбоочны үүрэг гүйцэтгэж байлаа. Тэр үед түймрийн голомтод гамшгийн үеийн холбоог зохион байгуулна гэдэг их хүнд даалгавар юм шиг санагдсан.

-Шүхрээр буухын тулд ямар бэлтгэл сургуулилт хийдэг вэ. Эмэгтэй хүний хувьд шантрах, хүнд хэцүү санагдах үе гарч байсан уу?

-Хамгийн эхлээд онолын мэдлэг маш чухал. Агаарт гараад шүхрээ яаж задлах вэ, салхи хаанаас хаашаа байвал яаж удирдлага хийх вэ, ямар тохиолдолд хаашаа харж газардах вэ гээд бүх мэдлэгийг онолоор заалгана. Дадлагаар шүхэр эвхэлтээ хийж үзнэ, бие бялдрын дасгал, хөлөө халаах, хүчний бэлтгэл хийнэ. Эрэгтэй хүмүүстэй эн тэнцүүхэн бэлтгэл суртуулилт хийнэ гэдэг бол их тэвчээр шаардсан зүйл. Би эмэгтэй хүн, би чадахгүй гээд хойш суух эрх байхгүй. Би энэ ажил, мэргэжлийг маш их хүсч мөрөөдсөн болохоор ард нь гарч чадсан. Байнгын бэлтгэл сургуулилт хийдэг болохоор гоо сайхан жаахан алдагддаг. Ялангуяа хуруу, гар. Буулт хийж, шүхэр эвхэх болоход бүх хуруундаа шархны лент наадаг ч хумснууд хөндлөн хугарч цус гарах үе тохиолддог. Уйлах ч үе гарна. шүд зуух ч үе байна.

-Хамгийн анх шүхрээр буухад танд айдас байсан уу?

-Төрсөн өдрөөрөө анхны буултаа хийсэн маань надад хэзээ ч мартагдахааргүй сайхан дурсамж үлдээсэн. Анхны буултан дээр би огт айгаагүй. Яагаад гэвэл он удаан жил хүсч мөрөөдсөн зүйл минь биелж байгаа болохоор тэгсэн байх. Харин ч бүр догдолсон шүү.

-Тэгвэл шүхрээр буухын юу нь хамгийн гоё вэ?

-Онгоцноос гарах тэр мөч хамгийн гоё санагддаг. Онгоцны хаалгаар нэг алхаад л эрх чөлөө, амьдралын хамгийн сайн сайхан баяр баясгаланг авдаг. Шүхэрчид энэ мэдрэмжийг тэр бүр илэрхийлж чаддаггүй. Ойр дотнынхондоо, найз нөхдөдөө үүнийг ойлгуулах юмсан, мэдрүүлэх юмсан гэж хүсдэг. Тийм болохоор шүхрээр хичээллээч, нэг буугаад үзээч гэж санал тавьдаг.

-Хүссэн хүн бүхэн шүхрээр буух боломж манай улсад бий юү?

-Боломжтой. Батлан хамгаалах техник спорт сургалтын төвд туслах шүхрийн клуб үйл ажиллагаагаа явуулдаг. Тэнд тодорхой хэмжээний төлбөр төлөөд, 10-14 хоногийн сургалтад хамрагдаж, шалгалтандаа тэнцсэн тохиолдолд шүхрээр нэгээс хоёр удаа бууж үзэх боломжтой.

-Шүхрээр хичээллэхийн ач холбогдол, хүнд өгөөжтэй зүйл нь юу вэ?

-Эмх цэгцтэй, журамтай болдог. Яагаад гэвэл бид шүхрээ эвхэнэ гэдэг бол өөрийнхөө амийг өөрөө дааж эвхэж байна гэсэн үг. Тийм болохоор шүхрээ маш журамтай, эмх цэгцтэй эвхэх нь ийм сайн дадлыг суулгаж өгдөг гэж боддог.

-Таны хувьд шүхрээр хамгийн ихдээ хэдэн метрийн өндрөөс буулт хийж байсан бэ?

-Өнгөрөгч оны наймдугаар сарын 22-26-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Элсэн тасархайд ОХУ, Монгол Улсын хамтарсан агаараас эрэн хайх ажиллагаанд оролцож буулт хийсэн. Энэ бол хоёр жилд нэг удаа болдог арга хэмжээ юм. Дадлагын буултаар хоёр удаа буучихаад, дараа нь ОХУ-ын шүхрийн мастертай хамт хоёр хүний шүхэр буюу тандемаар далайн түвшнээс дээш 4950 метрийн ѳндрѳѳс чѳлѳѳт уналт хийсэн. Мѳн надаас гадна гурван монгол бүсгүй ийм буулт хийсэн нь Монголд анхны тохиолдол юм. ОХУ-ын мастерын хувьд 8000 гаруй буулт хийсэн туршлагатай шүхэрчин байсан.

-Шүхэрчин Бямбасүрэнгийн хамгийн том мөрөөдөл юу вэ?

– Үндэсний баяр наадмын үеэр шүхрээр бууж ѳѳрийнхѳѳ мөрийг үлдээх юмсан гэж боддог.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Б.Наранчимэг

2017.03.03