Ахмадууд “Монгол Улсын Иргэний хамгаалалтын түүхэн замнал” ном бүтээлээ

0

Олон улсын Иргэний хамгаалалтын өдрийг угтан Онцгой байдлын ерөнхий газрын ахмад ажилтнууд хамтран “Монгол Улсын Иргэний хамгаалалтын түүхэн замнал” номыг бичиж, хэвлүүллээ. Тус ном нь оршил, 17 бүлэг, хавсралт, эрдэм шинжилгээний лавлагаанаас бүрдэж байна.

Номыг бүтээгчид, иргэний хамгаалалтын үүсэл, хөгжил, дайчин замналыг үйл ажиллагаа, арга хэмжээнүүд тус бүрээр сэдэвлэн бүлэг болгож, аль болох дэлгэрэнгүй өгүүлэхийг зорьсон байна.

Түүхэн замнал номыг Батлан хамгаалахын төв архив, ОБЕГ-ын архивын материал, төр, засгаас гаргасан хууль тогтоомж, шийдвэрүүд, Улсын иргэний хамгаалалтын газрын үйл ажиллагааны зарим тайлан, мэдээ, Улсын байнгын онцгой комиссын үйл ажиллагааны тайлан, мэдээ, бусад баримт бичгүүд,  иргэний хамгаалалтын талаар 1960-1990-ээд онд хэвлэгдсэн ном, гарын авлага, бичмэл сэтгүүл, ахмадуудын дуртгал, яриа, тус албанд удаан жил ажилласан зарим хүмүүсийн албан ажлын тэмдэглэл зэрэг баримт бичгүүд болон 1999 онд хэвлэгдсэн Түүхийн шинжлэх ухааны доктор Д.Гомбосүрэн,  доктор Ph.D Г.Мягмарсамбуу,  доктор Ph.D П.Дамдин нарын “Монгол Улсын Иргэний хамгаалалт” /түүхийн товчоон/ гэдэг бүтээлийг эх сурвалж болгон ашиглаж  шинэчилсэн судалгаагаар тодруулсан зарим дүгнэлт, тоо баримтыг энэ номд оруулж,  түүхийг тодотгон туурвижээ.