Б.ЖАВХЛАН: Америкт мэргэжлийн аврагч, гал сөнөөгч монгол хүн надаас өөр байхгүй

0

АНУ-ын Виржиния мужид аврагч, гал сөнөөгчөөр ажилладаг монгол залуу Баатаржавын Жавхлантай интернэтээр холбогдож ярилцлаа. Тэрбээр “Fairfax coun­ty fire and rescue department”-д гал сөнөөгчөөр ажилладаг юм.

– Виржинияд аврагч, гал сөнөөгчийн ажлын нөхцөл ямар байдаг талаар ярилцлагаа эхлүүлье?

– Эндхийн гал сөнөөгчид хамгаалалтын багаж хэрэгсэл сайтай. Гэхдээ хамгийн орчин үеийн сайн нь байдаг гэж яривал худал болно. Гал унтраах машин, техник хэрэгсэл, хувцас их үнэтэй учраас шинээр гарсныг нь тэр болгон аваад байдаггүй. 2008 оноос Америкийн эдийн засаг хямарч, одоо хүртэл сайжрахгүй байгаа. Монголынхоо хэвлэлүүдэд тавигдсан нийтлэлүүдийг уншаад гал сөнөөгч, аврагчдаараа бахархдаг.

– Та эх орноосоо гараад хэр удаж байна. Гэр бүлээ танилцуулахгүй юу?

– Эхнэр Алиса минь дунд сургуульд хөгжмийн багш. Бид гурван хүүхэдтэй.

Том хүү Зориг есөн настай, дундах нь Бүүвэй, долоон настай. Бага охин Ану. Одоо гурван настай. Би Улаанбаатар хотод 1977 онд төрсөн. Ерөнхий боловсролын 97 дугаар сургууль төгсөн испани хэл сурч байгаад 1999 онд Америкт ирсэн. 2004 оноос Виржинияд амьдарч байна.

– Гадаадын иргэдийг аварч, хамгаалах үйлсэд амь хайрлалгүй зүтгэж яваа таниар бахархаж байна. “Fairfax county fire and rescue depart­ment”-д ажиллах болсон түүх сонирхолтой байна.

-Аврагч, гал сөнөөгч болно гэж ёстой бодож байгаагүй. Энэ байгууллагад ажилд орохоос өмнө Вашингтонд лообий хийдэг нэг компанид ажилладаг байлаа. Ширээний ард өдөржин суух нь надад хэцүү санагдсан. Тэгээд эрүүл мэндэд тустай, залуу хүнд тохирох ажил хийхээр зорьж, энэ байгууллагад хүсэлт гаргасан. Жил гаруй шалгуулж байж тэнцсэн дээ. Манайх 40 гаруй анги, 1500 орчим ажилчинтай, Америктаа бол аврах, гал сөнөөх чиглэлээр томд тооцогдох байгууллага.

– Ийм удаан хугацаанд шалгаруулдаг гэхээр босго өндөртэй байх нь?

– Тийм ээ. Эхлээд математик, англи хэлний шалгалт өгнө. Үүндээ тэнцвэл үнэн, худал ярьж буйг шалгадаг төхөөрөмж ашиглан ярилцлага авдаг. Дараа нь сэтгэл судлаачийн асуултад хариулна. Биеийн тамирын шалгалт өгч эдгээрт тэнцсэн нь ажиллах эрхтэй болдог.

– Хамгийн эрсдэлтэй 10 ажлын эхэнд гал сөнөөгч ордог юм билээ. Америкт ажиллахын давуу тал болон Монголынхоос ялгаатай нь юу байна вэ?

Javhlan2

– Аврагч, гал сөнөөгч бол залуу хүний л хийх ажил. Манай аврагчдын дунд үе мөч нь өвддөггүй хүн бараг л байхгүй. Гал түймэр, осолд өртсөн хүнийг үргэлж өргөж, үүрч, явдаг болохоор нуруу их өвддөг. Виржиниягийн аврагч, гал сөнөөгчдийн ажлын 10 хувь нь гал унтраах бол 90 хувь нь аврах үйл ажиллагаа, түргэн тусламжийн үйлчилгээ байдаг. Монголд түргэн тусламжийн эмч гэж байдаг даа. Тэр ажлыг энд бид хийдэг. Хос мэргэжилтэй гэх юм уу. Ний нуугүй хэлэхэд бидний ажил өвдөж, бэртсэн хүн, цогцос, өтгөн шингэнтэй зууралддаг хүнд хөдөлмөр. Гэхдээ хүний амь аврахыг юутай ч зүйрлэшгүй. Би нэг удаа зам дээр төрөх гэж байсан бүсгүйг эх барьж авсан юм. Тэр мэдрэмж үнэхээр сайхан байсан. Энэ хорвоогоос буцагсадтай голдуу ажилладаг хүн ирж байгаатай нь уулзах гоё юм билээ.

– Ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан албан хаагч байдаг уу?

– Том байшин барилга руу орчихоод гарч чадалгүй амиа алдсан тохиолдлууд байдаг л даа. Гэхдээ миний мэдэхээр энд ийм явдал болж байгаагүй. Буруу тактик, буруу үнэлгээ, хэт их яарснаас болж л ийм харамсалтай явдал болдог. Гал түймрийг их, бага гэж хэлэх боломжгүй. Ганц өрөө байр шатах, эсвэл Калифорнид гараад байгаа ой хээрийн түймэр аль, аль нь аюултай.

– Хасах 30-40 хэмийн хүйтэнд Монголын гал сөнөөгчид “мөсөн хүн” болсон ч ажиллах ёстой байдаг. Үүн шиг бэрхшээл хэр тулгардаг вэ?

– Өвөл гал унтрааж явахад хувцас норж, мөстөх тохиолдол бий. Гэхдээ Монголын өвөлтэй харьцуулашгүй шүү дээ. Манай энд хамгийн хүйтэндээ хасах 15 хэм болдог. Хоёрдугаар сард өвдөг татсан их цас орох нь сайхан.

– Хэчнээн хүний амь аварч, хэр хэмжээний эд хөрөнгө хамгаалснаа тооцож байсан уу?

– Тэр болгоныг тоолно гэж байхгүй. Манай ажлаас гаргадаг сэтгүүлд л энэ талаар тоо баримт нийтэлдэг юм.

– Аврагч, гал сөнөөгчөөр ажилладаг монгол хүн “Fairfax county fire and rescue depart­ment”-д таниас өөр бий юү?

– Надаас гадна хоёр монгол эмэгтэй сайн дурын гал сөнөөгчөөр ажилладаг. Гэхдээ мэргэжлийн гал сөнөөгч монгол хүн Америкт надаас өөр байдаг гэж сонсоогүй.

Javhlan313

– Монголынхоо талаар хэр мэдээлэлтэй байдаг вэ. Эх орноо яаж хөгжүүлмээр байна?

– Монголтой холбоотой мэдээлэл байнга уншдаг. Гэхдээ би чинь жирийн л нэг гал сөнөөгч учраас ийм том сэдвээр худал яриад дэмий (инээв).

– Ном унших нь таны хобби юу. Фэйсбүүктээ номны талаар мэдээлэл их оруулсан байна лээ.

– Тийм ээ. Ном унших дуртай. Саяхан хэвлэлтээс гарсан “Анхилуун ургамлын увидас” гэдэг эмийн ургамлын тухай их сайхан ном бий. Уншиж үзээрэй. Миний нэг ярилцлага хэвлэгдсэн юм. Монголд байхад манайх олон номтой байлаа. Бүгдийг нь уншсан даа. Маркс Лениний ботийг хүртэл үлдээлгүй уншсан. Сүүлийн үед хоол хүнс, эмийн ургамал, боловсролын тухай ном сонирхон уншиж байлаа. Яг одоо “Chasing the scream” гэдэг ном уншиж байна.

– Монголчууддаа сурсан мэдсэнээрээ туслах юмсан гэсэн эрмэлзэл таны бичсэн зүйлээс их мэдрэгдэх юм аа.

– Миний өдөр бүр хийдэг ажлын нэгээхэн хэсэг нь өвчтэй хүмүүсийг эмнэлэгт хүргэх. Би өдөрт дор хаяж, чихрийн шижинтэй, зүрх судасны өвчтэй хүмүүсийг эмнэлэгт хүргэж өгдөг. Энэ хоёр өвчнөөс гадна янз бүрийн хавдрууд энд түгээмэл. Ялангуяа чихрийн шижин тахлын хэмжээнд хүрсэн. Тиймээс би энэ тухай уншиж судалж, хүмүүст мэдээлэл хүргэдэг. Найз нартаа хэрхэн эрүүл хооллох бас эмийн ургамлын тухай заах хоббитой. “Амин тос” гэдэг фэйж хуудас хөтөлж байна. Үүндээ эмийн ургамал, хэрхэн эрүүл хооллох тухай бичдэг. Чихрийн шижин, зүрх судасны өвчин, хавдруудын ихэнх нь хоол хүнсээ буруу хэрэглэснээс үүдэлтэй шүү дээ.

Монголдоо хэзээ ирэх вэ гэж асуухад тэрбээр “Болдог бол энд байгаа монголчууд бүгд л нисээд очмоор байгаа шүү дээ. Гэвч болохгүй байна” гэж хариулсан. Гэхдээ тэрбээр ажилдаа сэтгэл хангалуун байдаг бөгөөд монгол хүн биш ч нэгэн дээвэр дор амьдарч буй хэн нэгнийг аврахад ер бусын тайвшрал мэдэрдэг тухайгаа хэлсэн юм.

Б.ДУЛАМСҮРЭН