Д.НЯМСҮРЭН: Албаараа бахархдаг, ажилдаа дуртай жирийн нэгэн эмэгтэй дээ

0

15Б.БУЛГАН Онцгой байдлын албанд эрчүүдтэй мөр зэрэгцэн ажилладаг бүсгүйчүүдийнхээ дуу хоолойг сонсох, ажил мэргэжлийн онцлогийг олонд таниулах зорилгоор бид “Блиц ярилцлага” булан нээж байгаа билээ. Энэ удаа Булган аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын эмнэлгийн зааварлагч, онцгой байдлын ахлах ахлагч Д.Нямсүрэн уригдлаа.

– Дуудлага хүлээн авагчаар олон жил ажиллажээ, хичнээн цагийн үүрэг гүйцэтгэсэн байдаг вэ, тооцоо байдаг уу… – Анх 1997 онд Сувилагчийн сургуулийг төгсч очоод Онцгой байдлын албанд дуудлага хүлээн авагчаар ажилд орж байлаа. 18 жил дуудлага хүлээн авагчаар ажиллаж энэ хугацаанд ээлжинд 1440 гаруй удаа гарч 34560 цагийн үүрэг гүйцэтгэн аюулт үзэгдэл, ослын 600 орчим дуудлага хүлээн авсан байдаг юм. Ямар ч дуудлага байсан бүгд л хүний амь нас, эд хөрөнгөтэй холбоотой байдаг. Тэр бүгдийг дарга удирдлагадаа шуурхай танилцуулж мэдээллийг түргэн шуурхай хүлээн авч дамжуулахаас бидний ажил эхэлдэг. Албаараа бахархдаг, ажилдаа дуртай жирийн нэгэн эмэгтэй дээ.

– Эрчүүдтэй олон жил ажиллахад зан ааш “эршүүд” талдаа болох тал байдаг уу? – Эрэн хайх, аврах салбартаа бол ганц эмэгтэй нь би. Онцгой байдлын газар 110 гаруй албан хаагчтай. Үүнээс 18 нь эмэгтэй. Би дээрээ гурван ахтай, хоёр эрэгтэй дүүтэй, айлын ганц охин. Ер нь эршүүд талдаа өссөн хүн. Одоо ч хэвээрээ. Гэхдээ эмэгтэй хүний байгалиас заяасан зан чанар байлгүй яахав. Ялангуяа дан эрчүүдтэй ажилладаг учраас тэднийгээ хатууд нь зөөллөнө. Хааяа зарим нэгнийг эхнэрийнх нь өмнөөс загнах үе ч гарна. Дуудлагаар яваад даарч хөрөөд ороод ирэхэд нь халуун цай хийгээд өгчихдөг, халуун үг дулаан хэлдэг, ар гэрт нь туслаад хань, үр хүүхэд, аав ээжид нь тус хүргэчихнэ гэдэг чинь тийм ч хэцүү зүйл биш шүү дээ. Өчүүхэн сэтгэл гаргах төдийд л хамт олны дунд халуун дулаан уур амьсгал бүрддэг.

– Ослын голомт дээр ажиллаж байсан тохиолдол бий юу? – Бий, бий. Ялангуяа ой, хээрийн түймрийн дуудлагаар 20 гаруй удаа гарч үүрэг гүйцэтгэж байсан. Түймрийн голомтод эрчүүдтэйгээ түймэр унтрааж явсан тохиолдол хэд хэд бий. Холбоочноор их явна даа. Эрчүүдтэйгээ зэрэгцээд л ажиллана. Зөвхөн би ч биш Онцгой байдлын албанд ажиллаж байгаа бүх эмэгтэйчүүд ийм л сэтгэл зүрхтэй ажилладаг шүү дээ. 2002 оны түймэрт юм даг, утаанд хоолой хорсоод ам их цангаж б а й с н а а с а н а ж б а й н а . Х э с э г амрах гэж суугаад дуг хийчихэж, тэр хооронд улаан машинтай усаа зүүдэлж билээ. /инээв/

– Өөрийн тань бусдаас ялгарах гол чанар…

– Хүнд тусархуу чанар маань юм болов уу. Найз нөхөд, хамт олон маань ч сайхан сэтгэлтэй, тусархуу гэж дүгнэдэг юм. Бас хэнхэгдүү талдаа. Манайхан хэнхэг Нямаа гэж хочилдог юм. /инээв/ Ер нь илүү дутуу зангүй хүн. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь ягштал биелүүлчихээд сууж байх ч сайхан шүү. Цаг баримтлана. Алдаа, дутагдал гаргалгүй ажиллахыг чухалчилдаг. Бидний ажлын ч онцлог юм даа.

– Та хэр бүтээлч хүн бэ…

– Ер нь манай хамт олон их бүтээлч. Санаачилж хийсэн ажлууд гэвэл байгууллагын хэмжээнд эко орчин бүрдүүлж гадна талбайдаа хайлаас, шинэс, шар хуайс зэрэг 90 орчим мод, суулгацыг суулгаж, цэцгийн мандал байгуулсан. Өрөө тасалгаагаа цэцэгжүүлэх ажлыг бүсгүйчүүдтэйгээ хамтарч хийж байна. Цэцэг бол орчиндоо гэрэл гэгээ, өнгө нэмэхээс гадна сайхан энерги өгдөг. Эрчүүд маань ч их идэвхитэй оролцдог.

– Албан хаагчдын эрүүл мэнд таны гарт байдаг юм байна …

– Тэгж хэлж болноо. /инээв/ Эмнэлгийн зааварлагчаар 2015 оноос хойш ажиллаж байна. Албан хаагчдаа эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамруулдаг. Аймгийн нэгдсэн эмнэлгийн дотрын тасгийн нэг өрөөг тохижуулж албан хаагчдаа эмчлүүлдэг болсон. Мөн зуны улиралд Жаргалантын аман дах зусландаа сувилал ажиллуулан албан хаагчдаа гэр бүлийнх нь хамт амраах, эмчилгээ хийлгэх ажлыг зохион байгуулж хэвшсэн. Мөн албан хаагчдынхаа ар гэрээр орж, гараад хэнд нь ч гэсэн тариа, дусал хийгээд гарах үе байлгүй яахав. Миний бусдад тусалж чадах зүйл энэ.

– Гэр бүлээ танилцуулаач. Яагаад Онцгой байдлын албатай ажил, амьдралаа холбох болов?

– Нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Нөхөр маань ЭХАС-ын аврагч-жолоочоор ажилладаг С.Жанчив гэж хүн бий. Миний аав С.Дагва гэж Төв гал командад салаан дарга, бөөний бараа баазад бага дарга, Булган аймагт галын байцаагч хийж байгаад тэтгэвэртээ гарсан хүн. Хадам аав маань мөн л галын автомашины жолоочоор ажиллаж байсан. Төрсөн ах Д.Нямтогтох, хадам ах С.Мөнхбат нар маань ч Онцгой байдлын албанд ажилладаг. Хоёр талаасаа цэргийн удамтай, энэ сайхан албатайгаа ажил, амьдралаа холбосон хүмүүс байдаг аа.

– Хүндлэл гэж юу вэ…

– Бусдыг илүү хайрлаж, хүндэлж, тусалж дэмжиж байж өөрт маань төдий чинээгээр тэр хүндлэл ирнэ гэж ойлгодог.

– Гоо сайхан гэдэг таны бодлоор…

– Хүн болгон өөрийн гэсэн дотоод ертөнц, гоо сайхантай. Нинжин, энэрэнгүй, өгөөмөр сэтгэлтэй байх тусам тухайн хүнийхээ гоо сайхныг улам тодотгож өгдөг болов уу.

– Аав, ээжийгээ хамгийн ихээр яаж баярлуулж байв…

– Аав, ээжийнхээ үргэлжлэл болж, нэр хүндтэй энэ албандаа амжилттай ажиллаж яваад тэд маань их баярладаг. Хамгийн ихээр баярлуулж байсан зүйл бол 2000 онд амаржиж хүү төрүүлсэн маань юм даа. Хүний амьдралын хамгийн аз жаргалтай мөч тэр юм билээ. Ах нарын маань хүүхдүүд бүгд охид учраас зээ хүүтэй болсондоо тэд маань маш их баярласан.

– Таны хамгийн өмсөх дуртай гоёл… – Дүрэмт хувцас маань. Дүрэмт хувцсаа ном журмынх нь дагуу өмсч хэрэглээд биеэ зөв сайхан авч явахыг хичээдэг.

– Манай сонины уншигчдад эрүүл мэндийн ямар зөвлөгөө өгөх вэ?

– Хүмүүст ихэвчлэн тохиолддог зовиуруудын нэг бол өтгөн хаталт байдаг. Энэ зовиураас гарах их амархан. Нэг аяга тарган дээр 15 гр наранцэцгийн тос хийгээд өдөр бүр уух хэрэгтэй. Бас алим, лийр, байцаа, хар талх, шар сүү тогтмол хэрэглээрэй. Мөн өглөө бүр буцалсан хүйтэн ус ууж заншвал өтгөн хаталтаас сэргийлж чадна шүү.

– Цаг, зав гарган ярилцсан танд баярлалаа.