Г.БАНЗРАГЧ: Онцгой байдлын албаныхаа бүх албан хаагчийг ижил бүтээгдэхүүнээр хангахсан гэж боддог

0

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын ГТУА 27-р ангийн аврагч гал сөнөөгч, ахлагч Г.Банзрагтай ярилцлаа.

banzragchiin zurguud

-Та Онцгой байдлын албанд анх хэзээ орж байв. Өөрийгөө товч танилцуулахгүй юу?

-Намайг Ганхуягийн Банзрагч гэдэг Би Хөвсгөл аймгийн Шинэ-идэр суманд төрж өссөн. Анх Онцгой байдлын албанд 2011 онд аврагч гал сөнөөгчөөр орж, 2014 оноос өдийг хүртэл гал унтраах автомашины жолоочоор ажиллаж байна. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг.

-Таныг мал, амьтны гаралтай түүхий эдээр бэлэг дурсгалын зүйл урлаж брэнд болгосон гэж хамт олон чинь бахархан ярихыг сонслоо. Энэ талаараа ярихгүй юу?

-Би 10 жилийн сургуульд байхдаа л хөдөлмөрийн хичээлд сонирхолтой, элдэв юм хийх дуртай хүүхэд байсан. Тэр дундаа сийлбэрээр юм хийж тэрийгээ харж их кайф авдаг байлаа. Анх Онцгой байдлын албанд ороод аранз бэлтгэхэд цай, давс, борц, будааны тусгай зориулалтын уут байхгүй дутагдалтай санагдаад хонины арьс элдэж эдгээр уутнуудыг хийж эхэлсэн. Цаашлаад аяны ком хэлбэрээр буюу борц, будаа, гоймон, цай, давсны уут, аяны тогоо, тулга зуулт, хутга гэх мэтийн зүйлийг хийж эхэлсэн дээ.

-Танай удамд тань шиг ийм уран гартан бий юу?

-Манай ээж дээл, гутал гээд олон зүйл оёдог уран гартай хүн байдаг. Би ээжээсээ энэхүү авьяасыг өвөлж авсан байхаа гэж боддог юм. Ээжтэйгээ хамтран хэд хэдэн удаа Монгол гутал хийж байсан.

-Таны мөрөөдөл ?

-Хийж байгаа зүйлээ улам хөгжүүлж, зөвхөн аймаг төдийгүй Онцгой байдлын албаныхаа бүх албан хаагчдыг ижил бүтээгдэхүүнээр хангах үйлдвэрлэл болгох бодолтой явдаг. Ер нь мөрөөдөл бол их бий.

-Мөр зэрэгцэн зүтгэж яваа аврагчиддаа хандан юу хэлэх вэ?

-Бидний ажил хариуцлага өндөртэй, цаг наргүй, эрсдэл ихтэй алба. Албан хаагчид маань шуурхай командаар ажилладаг. Түймэрт олон хоногоор ажиллах үе гарна.

Энэхүү аяны комыг Онцгой байдлын албан хаагчид аранзандаа хийгээд явахад зориулагдсан овор багатай болохоор газрынхаа албан хаагчдын 60 орчим хувьд нь хийж өгсөн. Аяны комоос гадна хазаар, шатарын хөлөг, төрөл бүрийн загвартай хутга хийж байсан. Залуу хүнд зүгээр суух зохихгүй гэж боддог. Тиймээс ер нь цаг зав л гарвал эдгээр зүйлсээ хийхийг боддог доо. Завгүй хүсэл мөрөөдөлтэй байх сайхан шүү.