Б.ЭНХБАЯР: Аврагч бидний ажлыг ард түмэн их сайн ойлгодог болсон байна лээ

0

“Онцгой мэдээ” сонины энэ удаагийн дугаарт гал, ус, ган зуд, салхи шуургыг үл ажиран тэмцэж яваа журмын нөхдийнхөө нэгэнтэй хуучилж, амжилтынх нь түүхийг бичих аз тохиов. Харин энэ олон аврагч залуусынхаа алинтай нь зүрх сэтгэлийн угт хүрсэн сайхан ярилцлага хийх вэ хэмээн хэсэг зуур бодол төөрүүлэн суусны эцэст 20 гаруй жил хал үзэж, хат суусан туршлагатай хашруудаас сонгож ярилцахаар шийдсэн юм. Миний ярилцахаар шийдсэн энэ эрхмийг Бямбаагийн Энхбаяр гэдэг. Дэслэгч цолтой, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн даргаар ажиллаж байгаа манай тэргүүний залуусын нэг билээ. Ингээд зочинтойгоо хэрхэн хөөрөлдсөнөө та бүхэндээ хүргэе.

-“Онцгой мэдээ” сонины уншигчдынхаа өмнөөс танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та онцгой байдлын албанд хэдэн жил ажиллаж байгаа вэ? – Анх 1999 онд гал сөнөөгчөөр ажиллаж эхэлснээс хойш 17 жил энэ албандаа зүтгэж байна. Энэ хугацаанд аврагч гал сөнөөгч, дуудлага хүлээн авагч, оператив жижүүрээр ажиллаж байв. Ингээд 2014 онд Эрэн хайх аврах бүлгийн даргаар томилогдсон.

-Онцгой байдлын албаныхан, ялангуяа аврагчид маань ар гэртээ үзэгдэх нь ховор. Түмэн олныхоо аюулгүй байдал, сайн сайхны төлөө гэсэн та бүхний ажлын амжилт яах аргагүй хань ижилтэй нь холбоотой. Та гэр бүлээ танилцуулахгүй юу? -Миний ханийг Галбазарын Эрдэнэжаргал гэдэг, Булган аймгийн Бугат сумын харьяат хүн. Бид хоёр охин, нэг хүүтэй. Ам бүл тавуулаа амьдардаг.

-Ингэхэд та багадаа ямар хүүхэд байв. Дурсамжаасаа хуваалцахгүй юу? -Би Төв аймгийн Эрдэнэтсант суманд өвөө, эмээ дээрээ өссөн. Тун ч дүрсгүй, эрх дураараа гэж жигтэйхэн хүүхэд байлаа. Ямар сайндаа хүмүүс намайг “Гомбосүрэнгийн мэнгэтэй шар” гэдэг байхав (инээв). Нэг хөгтэй явдал санаанаас гардаггүй юм, Мөнхбат аваргын төрсөн ах “тоть” хэмээх хочтой, том биетэй, нутгийн хүдэр чийрэг хүнээс учиргүй их айдаг байлаа. “Тоть” гуайн эхнэр Цэрмаа гэж дуу хууртай, оёж шиддэг, уран гартай, сайхан ааштай эгч байсан. Хэдийгээр нутгийн сүрлэг ахаас айдаг ч гэлээ хаяахан гэрт нь очиж тоглодог байсан минь тод санагддаг. Зуны тэр нэг өдөр “Тоть” гуайг малдаа явсан хойгуур гэрийнх нь унинаас зүүгдэн дамжиж ёстой л сармагчин шиг бужигнуулж гарлаа. Гэнэт гаднаас “Тоть” ах орж ирэх нь тэр. Би ч их сандарч бушуухан зугатсан боловч амжилт ололгүй бүдэрч билээ. Ингээд уурганы хуйваар хэд сайн гөвшүүлж нэг хаширсан даа. Би адуу малтай ойр өссөн болоод ч тэрүү хурдан морь, жороо морь унах дуртай хүүхэд байв. Ер нь багадаа дүрсгүй байсан хүүхдүүд сургуульд ороод ирэхээрээ төлөвшөөд даруухан болдог бололтой.

-Эрэн хайх, аврах ажил эрсдэлтэй атлаа их л бахархмаар ажил. Гэхдээ осолдогчийн ар гэрийнхнийг харахаар зүрх шимширч, сэтгэлд тийм гэхийн аргагүй гунигтай мэдрэмж төрдөг шүү? -Олон ч удаагийн осол авааруудын дуудлагаар ажиллаж байлаа. Эрэн хайх аврах бүлгийн даргаар томилогдсоноос хойш 50 гаруй дуудлагаар ажиллаж, найман хүний амь насыг аварсан. Цасан шуурганд төөрсөн хүмүүсийг оролцуулвал нэлээд олон болох байх. Яг үнэндээ нарийн тоо гаргаж үзээгүй юм байна шүү. Аврах ажиллагааг хэрхэн зохион байгуулах нь тухайн цаг үеийн нөхцөл байдал, цаг агаар, бусад тооцоолоогүй хүчин зүйлүүдээс ихээхэн шалтгаалдаг. Бид айж эмээх асуудал гаргахгүй, сэтгэлийн хөдөлгөөнөө барьж ажилладгаараа онцлогтой. Хамгийн хэцүү зүйл бол осолдогчийн ар гэр юм. Бид адилхан л махан биетэй, оюун ухаантай хүн болохоор сэтгэл өвдөлгүй яахав. Гэхдээ тэдэнд энэ байдлаа мэдэгдэхгүйг хичээдэг. Уй гашууд автсан хүмүүсийг дагаад уйлж, унжаад байвал юу болох вэ. Тиймээс аврагчдаас асар их сэтгэлийн хат, тэвчээрийг шаарддаг гэдгийг та юу эс андахав. Аврах ажиллагааг технологийн дагуу явуулахаас гадна хүмүүсийн сэтгэл зүйг анхаарах нь хамгийн чухал санагддаг. Олон хоногоор хээр гадаа гол ус самнахад дулаан хувцас хунар, хүнс дутагдах тохиолдол цөөнгүй. Хэдий тийм байлаа гээд ажлаа орхиод хойш сууж болохгүй. Тэр хүнд хэцүү нөхцөлд хүйтэн усанд аврагчид маань шумбасаар л байдаг. 15-22 км усан замаар эрэл хайгуул хийх үе байна. Бид чинь тангараг өргөсөн улс шүү дээ. Ийм үед жолооч маань гал хөс түлж халуун цай, хоол унд болно. Олон хоног ажиллахад нутгийн ард иргэд эргэж тойроод биднийг цай цүү уу, тамхи тариа байгаа юу гээд л санаа тавиад ирдэг нь сайхан. Аврагч бидний ажлыг ард түмэн их сайн ойлгодог болсон байна лээ.

-Хүний амь насыг аварна гэдэг буянтай ажил. Амьдрал бэлэглэсэн хүмүүсээс талархлын үг олонтаа сонссон байх даа? -Амиа хорлох гэсэн хоёр тохиолдол дээр ажиллаж байлаа. Тэднийг аварсны дараа “Онцгой байдлынхандаа баярласан шүү” гэж байсан. Ер нь осол аваар, гэнэтийн аюулд орсон хүмүүс сандарч тэвддэг, бас их өвдөлт мэдэрдэг. Тийм үед бидэн рүү хараад толгой дохиод л, нүдэнд нь нулимс цийлэгнээд байдаг. Үүнээс илүү ойлголцоно гэж юу байхав.

-Хүйтний улирал эхлэнгүүт зам тээврийн осол ихсэж, дуудлага нэмэгдээд ирдэг…? -Тиймээ, Зам тээврийн ослын дуудлагаар ажиллахад нүд халтирам байдаг. Тангараг өргөсөн эр цэргийн хувьд сэтгэл санаагаа тогтвортой байлгаж, аврах ажиллагааг хэрхэн зөв хийхэд анхаардаг юм. Гэхдээ хүн л болсон хойно янз бүрийн байдалд ордог. Ялангуяа нас барсан золгүй тохиолдол дээр ажилласаны дараа таагүй сэтгэгдэл нэлээд хэд хоног төрдөг.

-Таагүй мэдрэмж, ажлын стрессээ яаж тайлдаг вэ? -Эрэн хайх аврах бүлэг маань бүлгийн дарга, гурван аврагч, нэг холбоочин жолооч гээд нийт таван албан хаагчийн бүрэлдэхүүнтэй үүрэг гүйцэтгэдэг. Бид спортоор хичээллэх, зааланд усан бассейнд сэлэх зэргээр таагүй мэдрэмжээ мартаж чаддаг. Миний хувьд ажлынхаа стрессийг тайлах хамгийн сайхан орчин гэр бүл маань байдаг даа.

-Танд ажлын амжилт хүсье. -Ярилцлагын зочноор урьсан таньд баярлалаа. Мөрдөс мэргэжил нэгтэй та бүхэндээ хамгийн сайн сайхан эрүүл энхийг ерөөж, ажлын өндөр амжилт хүсье