Аврагч танаар бахархая

0

Бүгд Найрамдах Өмнөд болон Хойд Судан Улсад НҮБ-ын энхийг дэмжих ажиллагааны тавдугаар ээлжинд Онцгой байдлын албыг төлөөлөн 26 албан хаагч албан үүргээ нэр төртэй гүйцэтгээд эх орондоо ирлээ.
Онцгой байдлын албаны албан хаагчид НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд 2012 оноос эхлэн үүрэг гүйцэтгэж ирсэн нь Монголын аврагчдын мэргэжлийн ур чадвар олон улсад хэдийнэ үнэлэгдэж, хүлээн зөвшөөрөгдсөнийх билээ. Эдүгээ 120 гаруй аврагч энхийг дэмжих ажиллагаанд оролцжээ.
Монгол аврагчдын сонор соргог, эрэлхэг дайчин шинж чанар, мэргэжлийн ур чадварыг үнэлсэн удирдлага,
командлагч нарын гарын үсэгтэй талархлын хуудсууд энэ хугацаанд олноороо ирж байсныг дурдах хэрэгтэй болов уу.

avragch

Энэ удаа бид, Өмнөд Судан улс дах Мотобуудлагын 5 батальоны 3 дугаар ротын 2 дугаар салааны пулёметын тасагт үүрэг гүйцэтгээд ирсэн ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах салбарын усчин аврагч, онцгой байдлын ахлах ахлагч С.Эрдэнэбилэгийг онцолж байна.
2016 оны 04 дүгээр сарын 25. Ахлагч С.Эрдэнэбилэг, ахлагч Э.Энхээгийн хамт НҮБ-ын ажилтнууд болон дотоодын дүрвэгсдийн хауранд харуулын үүрэг гүйцэтгэж байв. Үүрийн 05 цагийн орчим.
Орон нутгийн сэжиг бүхий дөрвөн иргэн бааз руу дөхөн ирж дүрвэгсдийн хуарангаас 300 орчим метрийн зайд хүйтэн зэвсэг нуугаад зугтахыг ахлагч С.Эрдэнэбилэг анх харжээ. Харуулын үүрэг гүйцэтгэж байгаа үед сонор сэрэмж хамгийн чухал төдийгүй манай албан хаагчдын үүрэг гүйцэтгэж байсан Бентью хотын дотоодын дүрвэгсдийн хуаранд 120 гаруй мянган иргэн амьдарч байгаа нь дэлхийн хамгийн олон тооны дүрвэгч иргэдтэй хуаран ажээ.
Улмаар ахлагч С.Эрдэнэбилэг шуурхай бүлэг дуудан хошууч Ш.Мөнгөнсүхийн хамт нутгийн иргэдийн газар булж нуусан олон тооны буу зэвсэг, сум, галт хэрэгслийг олж илрүүлэн газар орноо болзошгүй аюулаас аварсан байна. Энхийг сахиулагчид хэрвээ өчүүхэн төдий сонор сэрэмж алдсан бол, нуусан зэвсгийг илрүүлээгүй бол олон мянган иргэн халдлагад өртөх магадлал тун өндөр байлаа.
Ахлагч С.Эрдэнэбилэг, Э.Энхээ нарын гүйцэтгэсэн үүрэгт НҮБ-ын UNMISS ажиллагааны Хойд секторын командлал болон батальоны удирдлагууд баярласнаа илэрхийлж, шагнаж урамшуулжээ. Хэдхэн сарын өмнө Малакал хотод 30 гаруй мянган иргэдтэй дүрвэгсдийн хуаранд зэвсэгт халдлага болж, олон тооны иргэд амь насаа алдсан хэрэг гарч байсан.
Төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг, өргөсөн тангарагаа нэр төртэй биелүүлээд зогсохгүй, олон улсад “Чингисийн Монгол, Монгол цэрэг” хэмээх брэнд нэрийг НҮБ, дэлхий дахинаа нотлон харуулсан аврагч танаар бахархая.

Б.ДУЛАМСҮРЭН