Цагдаа нар малчдад хандив тусламж хүргүүллээ

0

Цагдаагийн ерөнхий газраас уриалга гарган өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймаг сумдын малчдад туслалцаа үзүүлэх “Сайн үйлсийн аян”-ыг сарын хугацаанд ажилчдынхаа дунд өрнүүлжээ. Уг аянд цагдаагийн байгууллагын алба хаагчид идэвхитэй хамрагдаж нийт 1.803.000 төгрөг бэлэн мөнгөөр, хивэг 64 шуудай, нэмнээ 1022 ш, элгэвч 67 ш, лаа 598 ш, шүдэнз 495 толгой, ажлын бээлий 602 ш зэрэг шаардлагатай зүйлсийг цуглуулан Онцгой байдлын ерөнхий газарт өнөөдөр хүлээлгэж өглөө. Хандив тусламжийн барааг ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян, ОБЕГ-ын УНХТГ-ын дарга А.Сүхбаатар нарын албаны хүмүүс хүлээн авсан бол Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, дэд комиссар Ж.Буянбат, Замын цагдаагийн газрын дарга, хурандаа  Ү.Зоригтбаатар нарын албаны хүмүүс хүрэлцэн ирсэн юм.

Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян “Хүнд цагт монголчууд маань нэгэндээ тусалдаг сайхан уламжлалтай. Одоогоор хаваржилт гайгүй байгаа боловч өвөлжилт хүндэрсэн зарим аймаг сумдад малчдын амьдрал сайнгүй байна. Энэ чиглэлээр олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд анхаарч ажиллаж байгаа. Өнөөдөр бас цагдаагийн байгууллагаас сэтгэлийн өглөгөө өргөж байгаад малчид төдийгүй, онцгой байдлын байгууллагынхаа өмнөөс талархаж байгаагаа юуны түрүүнд илэрхийлье. Хүн ардынхаа амь нас, аюулгүй байдлын манаанд зогсдог Цагдаагийн байгууллагын албан хаагчид та бүхний хийморь золбоо үргэлж өөдөө байж, та бүгдийн үйлс улам сайхан дэлгэрэх болтугай гэж Онцгой байдлын албаны нийт бие бүрэлдэхүүнийнхээ нэрийн өмнөөс хүсэн ерөөе. Бид та бүхний хандив тусламжийг хамгийн хүнд байгаа Увс, Завхан, Баянхонгор, Сүхбаатар, Дундговь зэрэг аймгийн малчдадаа хүргэнэ. Эргээд та бүгдэд тайлангаа хүргүүлнэ” гэлээ.

Замын цагдаагийн газрын дарга, хурандаа Ү.Зоригтбаатарын хувьд “Бид Онцгой байдлын байгууллагатайгаа хамтарч ажилладагийн хувьд өвөлжилт хаваржилтын мэдээллийг авсан. Тэгээд хаваржилт цөөнгүй аймгийн нэлээд сумдад хүнд байгааг сонсоод энэ аянаа эхлүүлэхээр болсон юм. Замын цагдаагийн газраас гаргасан энэ санаачилгыг маань Цагдаагийн ерөнхий газрын удирдлагын зөвлөл хүлээн авч сайн үйлсийн аяныг цагдаагийн хүрээний байгууллагынхаа дунд зохион байгууллаа. Өнөөдрийн бидний хүлээлгэн өгч байгаа энэ тусламжийн эд материал, мөнгө бол зөвхөн Улаанбаатар хотын цагдаагийн хүрээний байгууллагуудын цуглуулсан хандив. Бас орон нутагт аймгуудын Цагдаагийн газар хэлтсүүд маань хандив тусламжаа цуглуулж, орон нутгийнхаа Онцгой байдлын газарт хүлээлгэн өгсөн байгаа” гэв.

9X1A65119X1A65209X1A6519